“Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, УИХ, Засгийн газарт хандсан дүгнэлт, санал, зөвлөмж гаргажээ. 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа үндэслэсэн макро эдийн засгийн төсөөлөл нь хэт өөдрөг гэж тус зөвлөлийнхөн дүгнэсэн байна. Тиймээс макро эдийн засгийн тооцооллыг сайжруулах, гадаад улс төр, эдийн засгийн орчныг сайн судлах, олон хувилбартай таамаглал гаргахыг зөвлөжээ. Жишээ нь, төсвийн төсөлд тусгаснаар бол манай улс ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортолно. Хэрэв энэ тоонд хүрэхгүй бол хэрхэн арга хэмжээ авахаа танилцуулах нь зүйтэй гэжээ. Төсвийн орлогын төлөвлөлт бодитой бус, хэт өөдрөг, тэр дундаа нүүрсний экспортыг өндрөөр тооцоолсон гэж дүгнэсэн байна. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулаагүй үед дээр дурдсан хэмжээний нүүрс экспортлох төсөөлөл бодит байж чадахгүй гэж дээрх зөвлөлийн судлаачид үзжээ.
Төсөвт тусгасан энэ мэт зөрчилтэй зүйлийг засах, “хөрсөн дээр”-ээ буухын тулд орлогыг хэт хөөсрүүлэн төлөвлөснийг зогсоох хэрэгтэй гэж зөвлөмжид тусгасан аж. Үүний тулд орлогыг бие даасан институц, судалгааны хүрээлэн төлөвлөдөг болох нь зүйтэй гэв. Мөн ирэх оны төсвийн урсгал зарлагын төлөвлөлтийг сайжруулах ёстой гэж дүгнэжээ. Тодруулбал, шаардлагагүй, үр ашиггүй барилга байгууламж, үйл ажиллагааг төсвөөс санхүүжүүлдгийг халах, жишээ нь, хөдөөд Соёлын төв барихын оронд ерөнхий боловсролын сургуулийн спорт заалтай нэг дор байхаар төлөвлөх боломжтой хэмээв. Цаашлаад төсөв хэмнэхийн тулд ирэх онд хөрөнгө оруулалтын шинэ төсөл эхлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байна. Улмаар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулахын тулд аль салбарт, ямар үйл ажиллагааг төр санхүүжүүлэхгүй байхыг тодорхой болгох, улсын төсвөөр барьсан барилга, объектуудын эдийн засгийн үр ашгийг дүгнэх шаардлагатай гэжээ.
Ирэх оны төсвийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсөл боловсруулаад буй. Тэгвэл энэ алдагдлыг бууруулах, улмаар тэглэх шаардлагатай гэж “Нээлттэй нийгэм форум”-ынхан үзсэн байна. Алдагдлыг эцсийн дүндээ гадаад өрөөр л санхүүжүүлэх сонголт бий. Тиймээс төсвийн зардлуудаа эрэмбэлж, шаардлагагүйг нь хасах замаар алдагдлыг бууруулах ёстой гэж зөвлөжээ. Цаашлаад нэгэнт хуримтлагдсан гадаад өрийг тууштай бууруулахын тулд зөвхөн ашигтай төсөв батлах шаардлагатай гэсэн байна. Хамгийн сүүлд нь татварын хуулиуд болон Ирээдүйн өв сангийн хуулийг төсвийн тухай хуультай хамтатган, нэг сар гаруй буюу маш богино хугацаанд шуурхайлан батлах нь зохисгүй хэмээжээ. Татварын болон Ирээдүйн өв сангийн хуульд өөрчлөлт оруулахдаа нарийн судалгаа, тооцоо хийж, олон нийтийн оролцоог хангах шаардлагатай гэсэн байна.
Бэлтгэсэн М.Оч