Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 304 400 орчим га талбайгаас 366.4 мянган тонн үр тариа, үүнээс 340.8 мянган тонн улаан буудай хураан авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мөн нийт 30 800 га талбайгаас төмс 208 000, хүнсний ногоо 128 100 тонныг хураасан бол тос болон тэжээлийн ургамал 128 000 орчим тонныг бэлтгэсэн аж. Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл, үр тарианы 86.1, улаан буудайн 86.8 хувь, төмс, хүнсний ногоог бараг бүрэн хураасан байна. Харин тосны ургамлын хураалтын ажлын явц 70.3, тэжээлийнх 56.5 хувьтай байгааг салбарын яамнаас дурдлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 40 000 тонноор нэмэгдсэн дүн болжээ. Ургац хураалтын ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Энэ сард багтаан ургацаа бүрэн хураах төлөвлөгөөтэй. Хүйтний эрч чангарч буй ч газар тариалангийн бүс нутгаар ямар нэгэн эрсдэл үүсээгүй. Одоогоор өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илүү хэмжээтэй төмс, хүнсний ногоо хураасан. Бусад таримлын хэмжээг ч 2021 оныхоос өсгөх боломжтой” гэв.