УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар ХБНГУ-ын Бундестаг (парламент) дахь Социал демократ намын бүлгийн дарга Ролф Мютцених энэ сарын 25-27-нд Монгол Улсад айлчилж байна. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн энэ сарын 12-15-нд тус улсад Холбооны Канцлер Олаф Шольцийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх чухал ач холбогдолтой болсныг энэ үеэр талууд онцлов. Айлчлалын үеэр хийсэн яриа, хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын эрх баригч намууд чухал үүрэгтэйг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Ялангуяа ойрын жилүүдэд газрын ховор элементийг харилцан ашигтайгаар хэрэглэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголоос 1000 инженер бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт герман стандарт нэвтрүүлэн шинэчлэхэд парламент дахь Социал демократ намын зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Канцлер Олаф Шольц айлчлалын үеэр тохирсон асуудлаа бодит ажил болгож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлснийг тэрбээр Ерөнхий сайдад уламжлав. Мөн Германы сургалтын хөтөлбөр нь онол, дадлагыг зэрэг эзэмшүүлдэг онцлогтой учраас Монголоос 1000 инженер бэлтгэх бүрэн боломжтойг дурдав. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар хоёр улсын эрх барьж байгаа хүчнүүдийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Бэлтгэсэн У.Наран