Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд өчигдөр эхлүүллээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх“2021 оны байдлаар манай улсын малчдын тоо 300 мянга гаруй байсан нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн15 орчим хувь юм. Малын тоо өнгөрсөн жилд 67 орчим саяд хүрч 30 гаруйжилд 2.6 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж буй таван хүн тутмын нэг нь энэ салбарт ажиллан, өнгөрсөн жилд 7.2 их наяд төгрөгөөр үнэлэх баялаг бүтээснийг тэмдэглэхэд таатай байна. Ирэх таван жилд бид мал сүргээ эрүүлжүүлж, ашиг шим болон чанарт анхаарч, эрчимжсэн аж ахуйг уламжлалт аж ахуйтай хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьсан. Мөн малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, тохиромжтой бүсэд эрчимжсэн мал ажахуйг хөгжүүлэх, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хянах зэрэг зорилгоор 478 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Малын өвчлөлийг бууруулах, эрүүлжүүлэх, улмаар хүнсий аюулгүй байдлаа бэхжүүлэн, хүнс экспортолч орон болоход малчид та бүхний идэвх оролцоо чухал” хэмээв. Дээр дурдсан зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол батлан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх ба ирэх таван жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөг зарцуулахыг ХХААХҮЯ-ныхан энэ үеэр дурдлаа. Тусчуулганд 21 аймгийн удирдлага, малчид, фермерүүд, үйлдвэрлэгчид, малын эмч, мал зүйч, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.