Манай улс энэ оны эхний есөн сарын байдлаар 8.8 орчим тэрбум ам.доллароор үнэлэхүйц бараа, бүтээгдэхүүн импортолсон. Үүний 85 орчим хувь буюу 7.5 тэрбум “ногоон”-ыг БНХАУ руу гаргасан эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас олсныг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Дэлгэрүүлбэл, урд хөрш рүү экспортолсон бүтээгдэхүүний 54.2 хувийг чулуун нүүрс, 28.8 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Гадаад зах зээлээс валют олж буй голлох хоёрхон түүхий эд нь зэсийн баяжмал, чулуун нүүрс учраас ашигт малтмалаас хараат эдийн засагтай гэж хэлэхбүрэн үндэстэй. Тиймээс ч эдийн засгаа солонгоруулах, ашигт малтмалаас хараат байдлыг бууруулах, түүхий эдээ нэмүү өртөг шингээн экспортлох талаар олон жил ярьж, цөөнгүй хурал, хэлэлцүүлэг хийсээр ирсэн билээ.
Үүний нэг нь өчигдөр зохион байгуулсан “Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдэвт олон улсын хурал, хэлэлцүүлэг юм. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МУИС-иас хамтран үүнийг зохион байгуулсан бөгөөд Уул уурхайн эдийн засаг, Уул уурхайн стратеги болон санал, зөвлөмж гэсэн үндсэн агуулгын хүрээнд “Монголд хөгжлийн сан байгуулах нь”, “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал ба түүхий эдийн зах зээл”, “Төсвийн орлогын удирдлага” зэрэг дэд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал солилцов.
2022 оны эхний хагас жилд манай улсын эдийн засаг 1.9 хувиар өссөн бол энэ жилийн эцсээр уг дүн гурав хүртэлх хувиар нэмэгдэх магадлалтай аж. Түүнчлэн уул уурхайн салбарын өсөлт 1-6 дугаар сард өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 18.2 хувиар “агшсан” байна. Энэ нь боомтын үйл ажиллагаа доголдон түүхий эдийн экспортын хэмжээ багассантай холбоотойг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс илтгэлдээ дурдлаа. Түүнчлэн 2022 оны 1-8 дугаар сард нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар нэмэгдэн 7.7 тэрбум ам.долларт хүрч, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж орлого нь тооцоолсноос 2.4 сая “ногоон”-оор нэмэгджээ. Мөн нүүрсний экспорт 1-9 дүгээр сард 2021 оны мөн үеийнхээс 52 хувиар нэмэгдэн, 18.8 сая ам.доллларт хүрч, долоо хоногт дунджаар 1000 тонн нүүрс экспортолж байгаа нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр хэмжээ болсон билээ. Гэсэн ч гадаад валютын нөөц улам бүр буурч, төгрөгийн ханшийн сулрал үргэлжилсээр байгааг Б.Түвшинтөгс онцолсон. Энэ нь эрдэс баялгийн борлуулалтын хэмжээ болон үнийн савлагаанаас хамааралтай үүссэн нөхцөл гэдгийг тэрбээр онцлоод “Урд хөршийн хилийн хорио үргэлжилсэн хэвээр байвал уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасалдана. Түүхий эдийн нийлүүлэлт буурахад үйлдвэрлэлийн бүтээмж ч багасан, үнийн өсөлт үргэлжилнэ. Мөн дэлхий дахинд нүүрлэж буй инфляцын улмаас олон улсын бодлогын хүү улам нэмэгдэн Монгол руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт саарч, санхүүжилтийн өртөг өснө гэсэн үг. Энэ нь инфляцыг хөөрөгдөн, төгрөгийн ханш сулрах хөрс болж өгнө. Өөрөөл хэлбэл, гинжин холбоогоор эдийн засагт сөрөг нөлөө үүсээд байгаа хэрэг. Тиймээс эл асуудлыг шийдвэр гаргах түвшнийхэн онцгойлон авч үзэж, хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хангах хэрэгтэй. Хилийн хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх, экспортын хэмжээгээ бууруулахгүйн тулд юу хийвэл зохих, ямар зөвшилцөлд хүрэхээ тооцох учиртай гэсэн үг” хэмээн “Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл ба түүхий эдийн зах зээл” илтгэлдээ дурдлаа.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд талууд юуны түрүүнд гэрээ байгуулдаг. Ялангуяа орд газраа ашиглуулах эзэн орны хувд ашгаа өсгөх нэг нөхцөл нь зөв гэрээ байгуулах явдал гэдгийг дээрх хэлэлцүүлэгт танилцуулсан “Уул уурхайн салбарын гэрээ ба татвар” илтгэлд хөндлөө. Эзэн орны өгөөжийг нэмэгдүүлэх хэлбэр нь төсөвт орлого суулгах, Засгийн газар хувь эзэмших, дотоодын бараа, үйлчилгээ худалдах болон нийгмийн хариуцлагатай холбоотойгоор ажил үйлчилгээ санал болгох зэрэг аж. Хөрөнгө оруулагч талаас төсөвт хөрөнгө төвлөрүүлж явахаар гэрээ байгуулбал хэт бага, эсвэл их биш, бусад улстай өрсөлдөхүйц түвшний татвар санал болгох хэрэгтэй гэнэ. Мөн ашигт малтмалын үнэ байнга хэлбэлзэж байдгаас хоёр талын хүртэх өгөөж явцын дунд өөрчлөгдөхийг анхаарч уян хатан байдлаар гэрээ байгуулах учиртайг эдийн засагч, судлаач З.Манлайбаатар хэлэв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг олон улсын жишиг үнийг баримтлан тогтоох, Засгийн газар хувь эзэмших, эсэхийг санхүүгийн нарийн загвар гарган зардал, борлуулалт, цэвэр ашиг, өгөөжөө бодитой харьцуулж тогтоох хэрэгтэй гэнэ. Уул уурхайн компанийн зардлын 50 хувь нь худалдан авалтад зарцуулагддаг учраас олон улсын, олон компанитай гэрээ байгуулбал дотоодын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэх төдийгүй ажлын байр олширч, иргэдийн амьжиргаа дээшлэх шууд нөлөөлтэйг З.Манлайбаатар онцолсон юм.
2000 он хүртэл манай оронд гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ оёдлын салбарыг эс тооцвол бараг байгаагүй. Харин 2009, 2011, 2015 онд удаа дараа “гар хүрч” байгуулсан хамгийн том, олон нийтэд нээлттэй гэрээ нь Оюутолгойн гэрээ гэв. Олон улсын судалгааны байгууллагуудаас уг гэрээг “Сайн” хэмээн үнэлдэг юм байна. Цаашид уг гэрээний давуу болон сул талуудыг задлан шинжилж, дараа дараагийн гэрээ байгуулахад юуг анхаарбал зохих, Монголын уул уурхайн салбарын институцийн орчинд ямар өөрчлөлт шаардлагатай байгааг дүгнэж болохыг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Хуульд заасан стратегийн ордуудтай дүйцэхүйц томоохон ордыг тогтоох, том төслүүдээ тодорхойлох учиртай аж. Мөн гэрээний жишиг загвартай болох, төслүүдийн хэрэгжилтийг хангах нэгдсэн платформ бий болгох, Засгийн газрын бодлого нь бизнесийн орчныг сайжруулахад чиглэн, тогтвортой байдлыг урт хугацаанд баримталбал уул уурхайн салбарын гэрээтэй холбоотой маргаан үүсэхгүй байх, талуудын өгөөж дээшлэх боломжтой юм байна.
Төсвийн орлогын менежмент илтгэлийг эдийн засагч Ц.Оюунзул танилцуулсан. Уг илтгэлийг эмхэтгэн, танилцуулахын тулд тэрбээр цуврал гурван судалгаа хийжээ. Монголын эдийн засгийн 2000-2020 оны динамик, төсвийн менежментийг тодорхойлох, Төсвийн тогтворжуулалтын сангийн (ТТС) тухай хуулийн эдийн засаг дахь нөлөө, Төсвийн тогтоворжуулалтын болон Ирээдүйн өв сангийн нөхцөл (ИӨС) байдал, өгөөжийг тодорхойлох зорилго агуулсан байна. Математик загварчлалд тулгуурласан тус судалгаанд хүн ам 2039 он хүртэл жил бүр 1.6, нийтлэг хүчин зүйлийн бүтээмж 3.4 хувиар нэмэгдэн, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү байхаар тооцжээ. ТТС-гийн орлогын эх үүсвэр нь голлох ашигт малтмалын бодит үнэ тэнцэвржүүлсэн үнээс нь давсан үеийн зөрүү, санхүүгийн менежмент хийсэн болон төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг зэргээс бүрдэх аж. Голлох ашигт малтмалын ханш буурснаас төсөв рүү дээрх сангаас шилжүүлэх, экспортын биет хэмжээ жилийн төлөвлөгөөнөөсөө 20 буюу түүнээс дээш хувиар тасалдах, төсвийн алдагдал ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцсэн тохиолдолд хасах баланстай байхаар тооцжээ. Мөн ТТС-аас зарлага гаргахгүй бол 2039 он гэхэд 2.1 их наяд төгрөг төвлөрүүлэх боломж бий аж. Харин АМНАТ-ийн орлогоос ТТС-д хуваарилаад үлдсэний 65 хувь, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, компаниудын төрийн өмчит хувьцааны ногдол ашиг зэргээс ИӨС-д хуримтлуулбал тус сангийн хөрөнгө 17 жилийн хугацаанд 24.4 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэсэнтооцоо гарчээ. Ийнхүү сангуудын хөрөнгийг тогтвортой өсгөж чадвал уул уурхайн салбараас олж буй орлогыг өнөө болон ирээдүйд ашиглах, урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдал бий болгох зэрэг чухал ач холбогдолтой гэнэ. Өөрөө хэлбэл, уул уурхайн салбар дахь болзошгүй эрсдэл, хараат байдлаас ангидаар эдийн засгаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хуримтлалын сангуудыг журмын дагуу ажиллуулж, эрх зүйн орчныг хангах, санхүүгийн сахилга бат мөрдөх нь зайлшгүй шаардлагатай гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид санал нэг байв. Түүнчлэн уул уурхайн салбар дахь нэмүү өртөгийн сүлжээг түүхий эдийн маркетинг, борлуулалтад тулгуурлан бий болгох талаар ч хөндөцгөөв. Үүнээс гадна Японы хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА уул уурхайн салбарын хэлбэлзэл, хараат байдлаас ангид эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулан, чадавхыг бэхжүүлэх төслийг манай оронд 2016 оноос хэрэгжүүлсэн. Уг төслийн талаар болон “Уул уурхайн салбарын Монгол, Японы техникийн хамтын ажиллагаа” сэдвээр ЖАЙКА-гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосои мөн илтгэл тавьж мэргэжилтнүүдийн асуултад хариуллаа.