УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг С.Чинзориг нарын УИХ-ын гишүүд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Тэрбээр, Аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгож байна.
Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна. Тухайлбал, их сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0–950.0 мянга төгрөг, эмнэлэгт эмчээр ажиллаж байгаа эмчийн үндсэн цалин 850.0–950.0, ажиллаж байгаа албан хаагчийнх 840.0–940.0 мянга төгрөг байна. Харин их сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байна. Цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул байгаагаас шалтгаалан сумын Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр орж ажиллах сонирхолтой хүн цөөн байна. Тухайлбал, улсын хэмжээгээр 1338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна.
Сумын Засаг даргын тамгын газруудад 1089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.
Иймд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.
Хуулийн төсөл батлагдсанаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох бөгөөд 2023 онд 1534 хүнд олгох мөнгөн урамшуулалд 5.0 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 1.0 тэрбум төгрөг шаардагдана хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газраас санал авахад аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг дээшлүүлэх хүрээнд орон нутгийн нэмэгдлийг сар бүр олгодог байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж холбогдох тооцоо судалгааг хийж байна гэсэн хариу ирүүлжээ. Шинэчлэл хийх үеэр энэ асуудлыг нэг мөр авч үзэх нь зүйтэй юм бишүү гэж асуусан.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, цалин хөлсний шинэчлэл хийх, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгодог байх чиглэлээр 2023 оны төсвийн төсөлдөө тусгахаар боловсруулж байгаа гэсэн утгатай санал ирүүлсэн. 2023 оны төсвийн төслийг харахаар төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй байх, үүний 20 хүртэлх хувийг улсын өгөх зохицуулалт орж ирсэн байна. 20-иос дээш хувийн нэмэгдэл өгөх асуудлыг төсвийн боломж, орлогын бүрдүүлэлтээсээ хамаараад орон нутаг өөрсдөө шийдэж байх зохицуулалтыг тусгасан байна. Өнөөдөр ярьж байгаа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжвэл Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамтатгаад хэлэлцээд явж болно гэж бодож байна" гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Улсын хэмжээнд сумдын Засаг даргын тамгын газрын 1300 гаруй орон тоо одоогоор сул байгаа гэсэн судалгаа байна гээд хууль санаачлагчид үүний шалтгааныг тодруулсан эсэхийг лавлаж байлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Сумдын Засаг даргын тамгын газарт 1338 орон тоо сул байна гэсэн тоог Төрийн албаны зөвлөлөөс авсан. 854 нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 нь өөр ажилд шилжсэн байна. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч, ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлөөс явуулдаг шалгалт, түүний нөхцөл, албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлууд бий. Ер нь өнөөдрийн тавьж буй асуудал бол орон нутагт төрийн захиргааны албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авах арга хэмжээний нэг л хэлбэр нь юм" гэлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид бүх ажлын түрүүнд л явдаг. Ган, зуд, гал түймэр гарахад явна. Өвчин гарсан ч, нохой устгал, хог цэвэрлэгээнд явж л байдаг. Гэхдээ нэмэгдэл хөлс байхгүй. Эдгээр албан хаагчдын цалин хөлс, урамшууллын асуудлыг өнгөрсөн хугацаанд орхигдуулж ирсэн нь үнэн. Төрийн үйлчилгээний албан хаагчдын асуудлыг улсын хэмжээнд системээр нь шийдээд яваад байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ орон нутгийн нэмэгдэл, урамшуулал хоёрын зааг ялгааг нь тодорхой болгох хэрэгтэй" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ард иргэдээ болон нийслэлээс орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагч болон бусад иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд эхэлсэн. Ипотекийн зээлийг Улаанбаатарт зургаан хувиар олгох бол орон нутагт амьдарч байгаа иргэдийнхийг гурван хувь болгож байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин, урамшууллын хэмжээг 20-100 хувиар нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны төсвийн хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөл энэ бодлоготой нийцэж байна гэж үзэж байгаа болохоор хэлэлцэхийг дэмжиж байна" гэлээ.
Ингээд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.