Британийн Консерватив намын удирдах албан тушаалд нэр дэвших хүсэлтээ Борис Жонсон татжээ. Ингэснээр Риши Сунак тус улсын дараагийн Ерөнхий сайд болох нь гарцаагүй болов. Тэрбээр парламентын доод танхимд болох ээлжит санал хураалтаас наад зах нь 100 гишүүний дэмжлэг авбал Элизабет Трассын халааг авах эрхтэй болно. Өнгөрсөн сарын эхэн хүртэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан Б.Жонсон парламентынхаа Төлөөлөгчдийн танхим дахь намын бүлгээс шаардлагатай 100 гишүүний тооноос давсан санал авсан ч түүнийг дэмжихэд хангалтгүй гэж үзжээ. Тэрбээр намын дотоод санал хураалтад ялж, баасан гаргаас Ерөнхий сайдын суудалдаа эргэн суух бүрэн боломжтой ч нам дотроо олон өрсөлдөгчтэй, үр дүнтэй засаглах боломжгүй үе таарсан гэнэ. Намын бүлгийн эв нэгдэлгүйгээр улс удирдах боломжгүй гэж Б.Жонсон мэдэгдсэн байна. 2020 оны хоёрдугаар сараас өнгөрсөн долдугаар сар хүртэл Сангийн сайдаар ажилласан Риши Сунакийг 157 гишүүн дэмжжээ. Мөн нэр дэвшигч, тус улсын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд асан, парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Пенни Мордаунт намын даргын албан тушаалын төлөө өрсөлдөхөд хангалттай хэмжээний санал авч чадаагүй аж. “Риши, Пенни хоёртой тохиролцох гээд чадаагүй тул нэрээ татлаа” гэж Борис Жонсон хэлжээ.