Германы зургаан хотод хэдэн мянган жагсагч эрчим хүчний үнэ, амьжиргааны өртгийн өсөлтийн нөхөн олговорт төсвийн мөнгийг илүү шударгаар хуваарилахыг, мөн чулуужсан түлшнээс хурдан татгалзахыг шаардав. Берлин, Дюссельдорф, Ханновер, Штутгарт, Дрезден, Майны Франкфурт хотод жагсагчид Оросын эрчим хүч нийлүүлэлтээс хараат бус болох, инфляцтай тэмцэх, цөмийн эрчим хүчнээс зоригтойгоор татгалзах, ядууст зориулсан эрчим хүчний хөнгөлөлтийг нэмэхийг шаардсан уриалга бүхий зурагт хуудас барьсан байв. Жагсаалд 24 мянга орчим хүн оролцсон гэж байгаль орчныг хамгаалах “Greenpeace” байгууллагаас мэдээлжээ. Берлинд 1800 хүн жагссаныг цагдаа нар нь уламжиллаа.
“Хүн амд нийгмийн тэнцвэртэй санхүүгийн тусламж яаралтай хэрэгтэй байна. Засгийн газар их зүйл хийж байгаа ч цэцэг усалж байгаа мэт цацдаг. Баячуудаас илүү, орлого нэн багатай хүмүүсийг дэмжмээр байна” гэж жагсаалыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлийн нэг байгууллагын орлогч дарга Андреа Кочиша хэлснийг “Reuters” агентлаг дамжуулжээ. Германы парламент эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллөөс бизнес эрхлэгчид болон айл өрхийг хамгаалах зорилготой, Засгийн газраас яаралтай тусламжийн 200 тэрбум еврогийн багцыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталсанаж. Энэ нь олон тэрбумаар хэмжигдэх тусламжийн анхны багц биш юм. Үүнд айл өрх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нэг сарын хийн төлбөрийг нэг удаа барагдуулах, мөн үнийн дээд хязгаар тогтоох механизм багтаажээ. Засгийн газар нь эрчим хүчний компаниудын ашгийг айл өрх, үйлдвэрийн цахилгааны үнийг гуравдугаар сараас эхлэн хязгаарласны нөхөн төлбөрт ашиглах гэнэ. Эрчим хүчний үнэөссөний улмаас Германы инфляц есдүгээр сард сүүлийн 25 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд буюу 10.9 хувьд хүрчээ.