Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилов. Т.Аюурсайхан бол парламентад хоёр дахиа сонгогдоод буй гишүүн. Өнгөрсөн сонгуулиар түүнтэй хамт УИХ-д улирсан 23 гишүүн байсан бол 20 гаруй нь бүгд хоёроос дээш буюу хамгийн ихдээ зургаан удаа сонгогдоод буй. Үүнийг дурдахын учир нь хууль тогтоох байгууллагад ажилласан туршлага гэхээс илүүтэй өмнөх парламентын үед ч үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байсан, өнөөгийн эрх баригч намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг 2018 онд намынхан нь өөрсдөө, дотроос нь шахаж, зайлуулах ажиллагаанд манлайлан оролцсоныг нь үнэлж Т.Аюурсайханыг парламентын дэд даргад нэр дэвшүүлэн сонгосныг сануулах зорилготой. Өнгөрсөн баасан гарагт сайдын тангаргаа өргөснийх нь дараа УИХ-ын дарга Г.Занданшатар ч “Хууль засагладаг нийгэм, шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэ салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцолно лээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ч түүнийг “зангаргатай, туршлагатай улстөрч” гэж тодорхойлов. “Улны”-хан хэмээн иргэдээ ялгаварласан Д.Сарангэрэлийг сайдаас нь огцруулсны дараа оронд нь очно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, гишүүн С.Чинзориг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар гээд олон ч хүний нэр дуулдаж (зарим нь ч өөрсдөө бичүүлсэн биз) байсан ч түүнийг томиллоо.
Үнэндээ спикерийг эзгүйд, эсвэл гарыг нь амраах зорилгоор ээлжлэн хурал удирдахаас илүү эрх дарх УИХ-ын дэд даргад үгүй. Тиймээс түүнийг “шударга тав” (УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар)-ын нэг болсны шагналаа одоо л хүртэж байна гэж харах хүмүүс ч байна. Ингэснээр тэд бүгд албан тушаалд хүрэв. Уг нь жавар тачигнасан өвлөөр жагсаж байхдаа тэд сайд, даргын суудалд очихгүйгээ онцолж байсан юм. Тэр ч бүү хэл Т.Аюурсайханы хувьд гурван жилийн өмнө Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын оронд сайд болохгүй, “давхар дээл” өмсөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай.
Түүх сөхвөл Т.Аюурсайханыг анхны парламентдаа байнгын хороог даргалахад нь ч жиг жуг гэлцэж байв. 2019 оны нэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлж, хавар нь Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгосон юм. УИХ-д анх удаа сонгогдсон гишүүнээр байнгын хороог тэр бүр удирдуулаад байдаггүй жишиг өнөөдөр ч хэвээрээ. Мөн тэрбээр 2016 онд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ШӨХТГ-ын даргаар жил гаруйн хугацаанд ажилласан түүхтэй. Тухайн үед буюу УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдсаны дараагаас тэрбээр намдаа “Шинэчлэл, хөгжлийн хороо” хэмээх “жигүүр” байгуулан, дарга нартайгаа “дайн” зарлаж байлаа. Улмаар 27 дугаар их хурлаараа МАН-ын даргад нэр дэвшиж, М.Энхболдтой өрсөлдөн, ялагдсан юм. 2012 оны сонгуулиар АН олонх болсон ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноор МАН, МАХН-ыг урьж, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулан, ШӨХТГ-ыг Т.Аюурсайханд даатгаж байв. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН-ыг орж ажиллахыг дэмжихгүй гэдгээ Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан илэрхийлж, “Биднийг сөрөг хүчин бол гэсэн ард түмний захиалга байгаа учраас улс орны эдийн засаг хүндэрч, цаашдаа тодорхойгүй байдалд орчихсон энэ үед АН-тай хамтарч ажиллах шаардлагагүй. Олонх болсон АН-ынханд ажиллах боломж олгох ёстой. МАН Засгийн газарт орчихвол ард түмний төлөө хэн дуугарч, болохгүй байгааг нь сануулж, хариуцлага нэхэхюм” хэмээж байсан ч удалгүй Засгийн газрын тохируулагч агентлагийг даргалах болсон юм даг.
Тийм ээ, тэр шударгын төлөө тэмцдэг, тууштай эсэргүүцдэг, шүүмжилдэг, зөрүүдлэн зүтгэдэг. “Шударга тав”-ын нэг, Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга гээд түүний бүтээсэн дүр дуусахгүй. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болчихоод, Засгийн газраа огцруулах ажиллагааг ч Т.Аюурсайхан тэргүүлж байлаа. УИХ-ын гишүүний албан маягт дээрээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулан УИХ-ын удирдлагад уламжлахдаа тэрбээр “Хүүхдийн мөнгийг ижил, тэгш олгохгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Монголын төрд шударга ёсыг тогтооно гэж манай нам сонгуулиар амласан. Гэтэл нэг жил өнгөрөхөд хэнд ч хариуцлага тооцсонгүй. Оффшор данстай хүмүүсийг хамгаалсан хуулийг Засгийн газраас өргөн барьж, батлууллаа. Засгийн газраас энэ мэт олон хууль, тогтоомжийг ард түмний биш, цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж байна. Алдаа гаргаж, ард түмнээ басамжлан, доромжилж байгаа хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүсийн хүсэл биелж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. Дараа нь тэд дарга болдог, албан тушаал ахидаг, амласнаасаа өөрөөр ажилладаг. Энэ удаа ч гажсангүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шударга тав”-ын нэг, журмын нөхрөө сайдаар томилов. Эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд тэрбээр Засгийн газраа 2024 он хүртэл бүтэн авч үлдэхийн тулд түүнд сайдын суудал өгөхөөс өөр гарцгүй болсон биз.
Тэрбээр томилогдсоныхоо дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Манай яам гурван сая иргэний амь амьдралыг хариуцдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын болон улс орны нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал ахуй хүнд байна. Тиймээс энэ салбарыг хариуцан ажиллах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж, намайг санал болголоо. Салбарынхаа төсвөөс ажлаа эхлүүлнэ. Нийгмийн даатгалын сангийн төсөв байнга алдагдалтай гарч байгаа. Тиймээс томоохон өөрчлөлт, шинэчлэл хийж, уг санг ил тод байлгахад анхаарна. Нөгөө талаас халамж хавтгайрсан. Иймд халамжийг аль болох зорилтот бүлэг рүү чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэн, өрхийн орлогыг дэмжихэд бодлогын шинэчлэл хийнэ. 900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байгаа нь сэтгэл эмзэглүүлэм тоо. Тиймээс ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана. Сайдын ажил шагнал биш. Ачаалал ихтэй, хүнд хэцүү ажлыг хариуцаж авлаа” гэв. Үнэндээ хоёр сонгууль дараалан, тасралтгүй найман жил төрийн эрх барих хугацаа нь бараг дуусах гэж байхад тэрбээр гэнэт сэрсэн мэт ядуурлыг огцом бууруулахаа мэдэгдсэн нь ч үнэмшилгүй сонсогдлоо. Ганцхан жишээ дурдахад, Дэлхийн банкны Ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс зээл, тусламж авсан улсуудын талаарх тайланд дурдсанаар манай улс 2010-2014 онд ядуурлыг 17 хувиар бууруулж чамлахааргүй амжилт гаргасан гэж байгаа ч 2016 оноос хойш энэ ажил зогсонги байдалд оржээ. Харин ядуурлыг бууруулах чиглэлд манай улсын амжилт уруудсан цаг хугацаа одоогийн эрх баригчдын өнгөн дээр илүүтэй тодорч байгааг онцолсон байна. Сонирхуулахад, түүний 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харвал 2017 онд өөрийн орлого нь жилийн 70 сая төгрөг байсан бол 235 сая болж гурав дахин өссөн байна. Гэр бүлийн орлого нь 9.9 сая төгрөг байсан бол 160 сая төгрөгт хүрч, 16 дахин нэмэгджээ. Мөн УИХ-ын гишүүн болохдоо хадгаламжгүй байсан бол дараагийн жилээс нь 124 сая төгрөгийн хадгаламжтай болохоо мэдүүлсэн нь өнгөрсөн жилүүдэд нэмэгдсээр өдгөө 163 сая болсныг ХАСХОМ-тээ бүртгүүлсэн байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхад нь олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байв. Өдгөө ч Ерөнхий сайдын Ажлын албаны гишүүн, зөвлөхийн албан тушаалтай. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоноос болж цагдан хоригдож буй Ж.Бат-Эрдэнийн оронд МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгчийг томилсон нь энэ. Тэрбээр 2020 оны есдүгээр сараас МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн гуравдугаар сард намын дэргэдэх оюутны байгууллагыг удирдаж буй. Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохдоо улсад 22 жил ажилласан туршлагыг нь онцолсон бол М.Ганхүлэгт төрийн ажлын түүх гэхээр зүйл алга. Ердөө л Ардын намд хүчин зүтгэсэн он жилүүд түүний намтарт дурайх аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч түүнийг намын залуу боловсон хүчнээ дэмжих бодлогын дагуу дэвшүүлснийг онцолсон. Юутай ч ХААИС-ийг төгссөнөөс бус, туршлага гэхээр зүйлгүй залууд хамгийн чухал хөдөө, аж ахуйн салбараа Засгийн газрын тэргүүн даатгав. Дэд сайд хэмээх улс төрийн албан тушаалд мэргэжил, туршлага үл харгалзан томилж болох ч эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас хараат байхаа болих бодлогын тэргүүн эгнээнд эрэмбэлж буй хөдөө аж ахуйн салбараа “цүнхийг нь барьж”, “цахилгаан шат”-аар өгссөн, нутгийн дүүдээ хариуцуулсанд олон хүн сэтгэл дундуур байх шиг. Нөгөө талаас саяхан тус салбарын сайдаар томилогдсон Х.Болорчулуун нь ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэхээс авхуулаад багагүй шүүмжлэл дагуулж буй билээ. М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн аж. Мөн Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 2020 оноос тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын V багаас сонгогдон ажиллаж буй юм байна.