Европын парламентын гишүүд Зөвлөлтийн физикч, хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаровын нэрэмжит, 1988 онд бий болгосон “Сэтгэн бодох эрх чөлөөний төлөө” шагналыг Украины ард түмэнд олгохоор шийдвэрлэжээ. Энэ шагналыг Европын Холбооны хүний эрхийн гол шагнал гэж үздэг. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 14-нд Францын Страсбург хотод болно. “Энэ бол газар нутагтаа тулалдаж буй украинчуудад олгож буй шагнал. Дүрвэн зугтахаас өөр аргагүй болсон, хамаатан садан, найз нөхдөө алдсан, итгэдэг зүйлийнхээ төлөө тэмцэж буй хүмүүст ч зориулсан шагнал. Украины эрэлхэг ард түмэн бууж өгөхгүйг би мэднэ. Тэд зөвхөн эх орон, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцээд зогсохгүй ардчиллыг алдагдуулж, эв нэгдлийг задлах гэсэн дэглэмийн эсрэг тэмцлийн талбарт өөрсдийн эрх чөлөө, ардчилал, хуулиар хүлээсэн үүрэг, Европын үнэт зүйлсийг хамгаалж байна” гэж Европын парламентын ерөнхийлөгч Роберта Метсола мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хүчин чармайлтыг ч уг шагналд тэмдэглэсэн байна. Тэрчлэн “Тайрын сахиусан тэнгэрүүд” нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анги, нэгтгэлийг үүсгэн байгуулагч Юлия Паевская, Украины хүний эрхийн төлөө тэмцэгч, “Иргэний эрх чөлөөний төв” байгууллагын тэргүүн Александра Матвийчук, Мелитополь хотын дарга Иван Федоров нарыг дурджээ.
Шагналыг 50 мянган евро дагалддаг. Эл шагналд хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч, мөн ардчиллыг хөгжүүлэх, хууль дээдлэх ёсыг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүмүүс нэр дэвшдэг. 2021 онд уг шагналыг ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч, 2020 онд Беларусийн сөрөг хүчинд олгосон билээ. Энэ жил “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж, Йорданы голын Баруун эрэгт амь үрэгдсэн, “Аль Жазира” телевизийн сэтгүүлч Ширин Абу Акле, 60 жил үргэлжилсэн иргэний дайны дараа байгуулагдсан Колумбын Эвлэрэх, үнэнийг тогтоох хороо, Бразилын хүний эрхийн төлөө тэмцэгч Соня Гуажажара нар уг шагналд нэр дэвшсэн байна.