Шүгэл үлээгчийг хамгаална гэдэгт эргэлзэж байна
Х.БУЛГАНТУЯА (УИХ-ын гишүүн):
-Авлигатай тэмцэх конвенцод нэгдсэн 140 орноос 59 нь шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг баталгаажуулсан хуультай юм байна. Ихэнх нь Америк, Европын орнууд байна. Шүгэл үлээхтэй холбоотойгоор хамгийн их гомдол гаргадаг орон нь Америк, Англи гэнэ. Гэхдээ шүгэл үлээгчийн талд шийдвэрлэсэн гомдол, маргаан маш бага байдаг юм байна. Тухайлбал, Англид жилд 224 гомдол шүүхэд очсоноос 31-ийг нь л шийдвэрлэсэн байх жишээтэй. Үүнээс гадна шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалт нь ч эдгээр улсад дутмаг хэвээрээ. Тиймээс шүгэл үлээгчийн нэр төр, өмч хөрөнгөд халдаж, зарим тохиолдолд эрүүгийн хэрэгт ч татагддаг юм байна. Монголд энэ хуулийг батлаад, шүгэл үлээгчийг хамгаална гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Цөөн хүн амтайг ч хэлэх үү, бие биеэ танихгүй байх нь ховор. Жишээ нь, банкны нэг ажилтан манай удирдлагууд мөнгийг ингэж идэж, шамшигдуулж байна гээд баримт дэлгэлээ гэхэд тэр хүнийг дараа нь тухайн салбарт хэн ч ажиллуулахгүй байх. Миний уншсанаар Америкт хамгийн их шүгэл үлээдэг сэдэв нь санхүүгийн салбартай холбоотой. Төрийн байгууллагад ч ялгаагүй дарга, удирдлагынхаа эсрэг шүгэл үлээлээ гэхэд дараа нь хаана ч ажиллах боломжгүй болтол нь дарамтлах эрх зүйн орчин үүсчих юм биш биз дээ. Хоёрдугаарт, шүгэл үлээгчийн эсрэг гаргасан гомдол эцэстээ шүүхийн шатанд л очдог юм билээ. Одоо манай шүүгчид шударга ажиллаж чадаж байгаа бил үү. Ер нь манай улс авлигын үзүүлэлтээрээ сүүл мушгиад байгаа нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульгүйтэй холбоотой юм уу. Энэ хуулийг баталлаа гэхэд манайх хэдэн оноо авч, ямар ахиц гаргах юм бэ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн нууц нь нэмэгдээд, хувь хүний нууц алдагддаг болсон. Хувь хүний нууц гэж ер нь байна уу. Хэн нэгэнтэй холбоотой асуудал гарлаа гэхэд нийгмийн сүлжээгээр гэр бүл, үр хүүхэд, аав, ээжээс нь авхуулаад хамаг мэдээллийг нь ил гаргаж байна. Нийгмийн сүлжээгээр түрүүлж шүүгээд, “ялладаг” байдал газар авсан, хувь хүний нууц гэхээр юмгүй болчихсон байгаа үед Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах нь зөв юм уу. Өрсөлдөгчөө намнах гээд худлаа шүгэл үлээвэл яах юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн яамныхан энэ мэт эргэлзээтэй олон асуудалд хариулт өгч чадахгүй байна.
Авлигын индексээ ахиулах боломж бүрдэнэ
Х.НЯМБААТАР (Хууль зүй, дотоод хэргийн сайд):
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчлах нь нэгдүгээрт, төрийн байгууллага, албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, дарамт шахалт, мөрдлөгөөс ангид байлгах зорилготой. Нэг асуудал байгаа нь 1990-ээд оноос өмнөх, хуучин нийгмийн “матаас”-ны тогтолцоог сэргээх вий гэсэн болгоомжлол. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол түүнийг нь мэдээлэх эрх нь өөр, бусад хуулиар нээлттэй ч Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор юуны түрүүнд тэднийг хамгаалах, эрх зүйн орчныг нь сайжруулах, авлигыг олон нийтийн анхааралд чиглүүлэх ач холбогдолтой. Хэн нэгний нэр хүндэд халдах эрсдэлээс давхар хамгаалах ёстой. Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах, бусдыг онц гэмт хэрэгт гүтгэх зохицуулалт үйлчилнэ. Ер нь “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмжид хэд хэдэн зүйлийг анхааруулдаг. Тэдгээрийн нэг нь бүх нийтийн хяналтын эрх зүйн орчныг тодорхой болгох явдал. Ингээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиа баталчихвал авлигын индексээ ахиулах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь матаасыг дэмжсэн хууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гааль, нийгмийн даатгал, татварын гэх мэт байгууллагын дунд шатанд авлига тасрахгүй байгаа. Хууль, хяналтын байгууллага нь дийлэхгүй байна. Тиймээс олон нийтийн хяналтыг сайжруулж, хуультай болгох нь чухал юм. Цахим орчинд бусдыг урьдчилан “яллаад” байгаа явдлыг хуульчилна. Холбогдох хуулийн төслийг нь ирэх сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. “Фэйсбүүк” компаниас уг хуулийн төслийг боловсруулахад хамтарч ажиллана. Өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх зорилгоор шүгэл үлээхийг бүрмөсөн хориглохоор байгаа. Төсөвт дарамт учруулахгүйгээр, авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсын орлого болгож буй хувь, хэмжээгээр 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан.