2023 оны төсөвт цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт тусгагдаагүй нь иргэдийг бухимдуулж байна хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр, "Төрийн хэмнэлтийн тухай хууль ард иргэдэд дарамт, хүнд суртал учруулж болохгүй, иргэдийн амьжиргааг дэмжсэн байх ёстой. Гэтэл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх оны төсөвт тусгагдаагүй хасагдсан байна. Хэрэв энэ мөнгө хасагдвал Засгийн газрын 199 дүгээр тогтоол хүчингүй болж, агаар хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээ үр дүнгүй болох нөхцөл үүснэ.
Өнгөрсөн өдрүүдэд гадаа +12, +13 хэм дулаан байхад орой 16-17 цагийн үед утаа хэдийн гараад, гэр хорооллоос гадна Зайсанд ч утаа үнэртээд эхэлсэн. Эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ? Өчигдөр Чингэлтэй дүүргийн 50,000 гаруй иргэнтэй уулзалт хийхэд одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар үнэр 2018 оноос тэс өөр болсон, илүү их утаа гардаг болоод байна гэж байна. Иргэд өөрсдийн санаачлагаар 10-40 сая төгрөг гаргаад халаагуур аваад, хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд явж байхад ийм хэмнэлт хийж болохгүй. Төсөв хэлэлцэж байхад иргэдийн саналыг тусгах хэрэгтэй" гэдгийг хэлэв.