“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-аас зохион байгуулж, биечлэн 400, цахимаар 420 гаруй хүн оролцов. Ирэх оны төсвийн төслийн талаарх иргэдийн саналыг D-parliament систем, цахим шуудан, утас гэсэн хэлбэрээр энэ сарын 7-17-нд 10 хоногийн хугацаанд авчээ. Энэ хугацаанд D-parliament цахим системээр дамжуулан 15 293 иргэн төсвийн төсөлтэй танилцсан нь эл платформыг ажиллуулснаас хойших хагас жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болсныг УИХ-ын дарга хэлэлцүүлгийг нээхдээ онцолсон юм. Иргэдээс нийт 798 санал ирүүлсний ихэнх нь зардлыг танах, халамжийг оновчтой болгож, зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах талаар хөндсөн байна. Салбараар нь ангилбал боловсрол, шинжлэх ухаан хамгийн өндөр буюу 46.1, эдийн засаг, санхүү 23.8, агуулгын хувьд хөрөнгийн зардлыг 49.6, бодлогын арга хэмжээг 24.6 хувь нь хөнджээ. Харин 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу 100 айлын 1-4, 6, 9, 10 дугаар байрын шугам сүлжээ, Дундговь аймгийн Сайнцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгт шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахыг хамгийн олон иргэн хүссэн байна. Мөн Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтын зардал өндөр байгаа талаар олон хүн санал хэлсэн аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлалаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгож, бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарснаа хэллээ. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж, өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсад ойрын жилүүдэд хамгийн чухал гэв. Өдгөө 15 хувьд хүрээд буй инфляцыг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлах, төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилснаа Ерөнхий сайд онцолж байлаа. Ялангуяа бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсныг тэмдэглэв.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар илтгэл тавьж, харьяалах асуудлаараа мэдээлэл хийсэн бол 2023 оны нэгдсэн төсвийн төслийн аудитын дүгнэлтийг ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Д.Даваасамбуу нар танилцуулсан юм. Ингээд “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
“Төсвийн ил тод байдал” хуралдааны үеэр оролцогчдын хэлсэн саналаас тоймлон хүргэж байна.
Д.ОЮУНБАДАМ (“Нээлттэй нийгэм” форум):
-Орлогыг тухайн оноос гадна дараагийн хоёр жилээр нь тооцоолох шаардлагатай. Ингэхдээ татварын ба татварын бус хэмээн ангилж, тодорхой заамаар байгаа юм. Зарлагын хувьд ч адил бөгөөд өмнөх оны гүйцэтгэлийг хамтад нь тусгах санал хүргүүлж байна. Өрийн бүтцийг ч дэлгэрэнгүй оруулах нь зүйтэй. Мөн макро эдийн засгийн төсөөллүүд нь төсөвт хэрхэн нөлөөлөхөөр байгааг төсөлдөө оруулж өгөх хэрэгтэй. Ингэж байж төсвийн хэлэлцүүлэг бодитой өрнөнө. Засгийн газрын бодлогын нөлөө хүн амд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хүйс, нас, бүс нутаг гэх мэтээр зааглавал сайн. Цаашлаад шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын хэдэн хувийг тухайн жилд санхүүжүүлэх вэ гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Оноос он дамжин хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр олон учраас анхны төсөвт өртөг нь хэд байсан талаарх мэдээллийг ил тод болгосноор зарцуулалтыг нь хянах боломж бүрдэнэ. Ер нь төсвийн талаарх бүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагатай. Мөн төсвийг тодотгох тохиолдолд хөрөнгө оруулалтын хэмжээ нь нэмэгдэж, хасагдаж байгааг нь ойлгомжтой тусгаж, харуулмаар байна. Түүнчлэн “шилэн данс”-ны нэгдсэн сангаар ил болгож байгаа мөнгөн дүнгийн хэмжээг нэг сая төгрөг болгон бууруулах хэрэгтэй. Ингэвэл төсвийн ил тод байдал сайжирна. Үүнээс гадна төсвийн зарлагатай холбоотой шийдвэрийг дээрх нэгдсэн санд оруулахдаа хойрго байна. Ямар зорилгоор тухайн зарлагыг гаргаж байгааг шийдвэрээс нь харах боломжтой байдаг. Түүнчлэн “шилэн данс”-ны үйл ажиллагаанд жилд нэг удаа аудит хийж байгаа давтамжийг нэмэгдүүлж, зөвлөмжөө хэрэгжүүлэх чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй.
Н.МИНЖИНХҮҮ (Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл):
-Энэ сургуулийн хүүхдүүд өнөөдөр дөрвөн газарт хуваагдан хичээллэж байна. Багш, хүүхэд гэлтгүй маш хүнд нөхцөлд суралцаж, ажиллаж байгааг анхааралдаа авна уу. Улсын хэмжээнд сурагчдынхаа өвчлөлийн тоогоор тэргүүлж, зам, тээврийн осолд илүүтэй өртөж байна. Зориулалтын бус байранд хичээллэж байгаагаас өдөр тутам хүүхдүүд маань бэртдэг. Хоёр жилийн хугацаанд дөрвөн газар хичээллэж байгаагийн хоёр нь түрээсийнх. Нэгэнд нь жилд 800 сая төгрөг төлдөг. Энэ чинь төсвийн хэмнэлт юм уу.
Ч.НАРАНТУЯА (Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга):
-Нэгэнт боогоод, хайрцаглачихсан төсөлд биднээс санал аваад үр дүн гарна гэдэгт эргэлзэж байна. БНСУ гэхэд дараа жилийн төсвийн төсөлдөө дөрөвдүгээр сараас эхлэн олон нийтийн саналыг авдаг. Гэтэл манайд 10 хоног л авч байна. Эрүүл мэндийн салбарын төсөв ямар байгаа нь мэдэгдэхгүй, яамнаас нь мэдээлэл авах гэхээр хаалттай байх юм. Манай салбарт гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг зүйлээр халхавчилж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, хөлсийг нэмэхгүй байгаа. Өнгөрсөн оны долдугаар сард эмч нар цалингаа хоёр дахин нэмүүлэхээр жагсаж, суулт хийсэн ч Ерөнхий сайд ирэх оны төсөвт тусган, шийдвэрлэнэ гэж хэлээд болиулсан шүү дээ. Ажлын хувцас, зөөлөн эдлэл гэсэн хоёр зүйлийг нэг багц болгож төсөвт тусгаснаар эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж эхэлсэн. Тиймээс тус тусад нь зардал болгон төсөвт тусгуулмаар байна.
Н.ТУЯА (100 айлын 1-4, 6, 9, 10 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл):
-Манай байрууд ашиглалтад ороод 75 жил болсон. Нөхцөл байдал нь ямар байгааг хэлүүлэлтгүй, ойлгомжтой биз. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй голдуу 2500 иргэн тэнд амьдарч байна. 2019 онд төсвийн хөрөнгөөр энд яригдаж байгаа ажлын зураг, төсвийг нь хийлгэсэн ч өнөө хэр шийдсэнгүй.
Ч.ХАШЧУЛУУН (МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш):
-Төсвийн хөрөнгө оруулалт талаас нь сайжруулах зүйл нэлээд бий. Жишээ нь, хөгжлийн бодлоготойгоо ямар уялдаа, холбоотой байх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Сая хэлэлцүүлэг эхлэхэд Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн сайд нарын ярьж байгаа нь хүртэл ойлгомжгүй, холбоогүй зүйлс харагдлаа шүү дээ. Тухайлбал, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ, нефтийн үйлдвэр барина гэж байгаа ч яг төсөв талаасаа юу хийх юм бэ. Хэдэн төгрөг зарцуулах юм бэ. Эдийн засаг, хөгжлийн яамнаас нь яриад, дэвшүүлээд байгаа энэ асуудлыг Сангийн яамнаас нь төсвөөр яаж дэмжих юм бэ. Цаашид иймэрхүү байдлаар явмааргүй байна. Зохицуулалт нь маш сул байна. Ер нь нэлээд хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. Хоёрдугаарт, төсвийн ил тод байдлын талаарх манай олон улсын үнэлгээ сайжирч байгаа ч энд ярьж буй хүмүүсийг сонсоход өрөвдмөөр зүйлс л хэлж байна шүү дээ. Ийм хэмжээний хэлэлцүүлэгт манай байр муудлаа, нурлаа гэж ярих нь хайран байна. Гэхдээ байр нь нурахдаа тулаад буй бол Төрийн ордонд үгээ хэлж байгааг нь харгалзаж үзэх л хэрэг. Үүнээс ч дор байдлаа хэлж чадахгүй, энд орж ирж чадаагүй өчнөөн хүн бий байх. Тиймээс энэ мэт асуудлаа салбарын түвшинд уялдуулан шийдвэрлэх хэрэгтэй. Та бүхэн ч бас бидний хэлснийг сонсоод өнгөрөх бус, саналыг нь шийдвэрлэж чадах, чадахгүйгээ тодорхой хэлээд явах хэрэгтэй. 10 хоногт санал авах нь бага хугацаа. Гуравдугаарт, төсвөө хөгжлийн бодлоготойгоо уяхгүй бол тунхаг төдий үлдэх гээд байна. Мөнгө байхгүй гэж хэлдэг ч зарцуулж буй хөрөнгө оруулалтуудын үр ашиг ямар байгаа билээ. Үүнийг хэлж чадах хүн энд байна уу. Ядаж орон нутаг, салбар, тулгамдсан байдлаараа эрэмбэлсэн жагсаалт байх ёстой шүү дээ. Хувийн хэвшлийнхэн үр дүнгээ бүгдээрээ хэмждэг. Улс орон нь үр ашгаа хэмжиж чадахгүй байгаа нь туйлын хоцрогдол. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтуудаа жагсаагаад, хэн ч, юу ч хэлж чадахааргүй болговол сайн байна.
Б.ЦОГТГЭРЭЛ (“Шилэн данс” ТББ):
-Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, төрийн өмчит компаниудаас ашгийн бус тодотголтой төрийн бус байгууллагууд руу асар их хэмжээний мөнгө шилжүүлж байна. Тийм их мөнгө авчихаад татвар төлдөггүй. Нэг төрийн бус байгууллага наадам зохион байгуулна гээд хоёр удаагийн үйлдлээр 10 тэрбум төгрөг авсан. МҮХАҮТ-аас “Эрдэнэт үйлдвэр”-т сургалт зохион байгуулна гэж 60 сая төгрөгийн гэрээ хийсэн байдаг. 20 хүнд 20 хоног сургалт хийхэд энэ шүү дээ. Ингэж мөнгө авч байгаа төрийн бус байгууллагуудаа бүртгүүлээд, орлогын албан татварыг нь аваач ээ. Эмнэлэгт асрагч хийдэг, 450 мянган төгрөгийн цалинтай хүн татвараа төлж байхад төрөөс тэрбум, тэрбумаар нь авдаг, эрх мэдэлтнүүдийн удирддаг төрийн бус байгууллагууд яагаад төлдөггүй юм бэ. Ашгийн бус, төрийн бус байгууллагуудтай санхүүгийн харилцаанд орохыг нь хориглосон агуулга бүхий тогтоолыг 2023 оны төсвийн тухай хуультайгаа хамт баталчих. Ингэж чадвал төвлөрсөн орлогоор нь энд байр, цалин яриад, зовлонгоо тоочиж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэж чадна шүү дээ. МҮХАҮТ гэх мэт байгууллага төрөөс авсаар байгаад бяр нь амтагдаад, сүүлдээ хуулиа шинэчлэхдээ хуулийн этгээдээр бүртгүүлсэн бол 14 хоногийн дотор энэ байгууллагын гишүүн болж, татвараа төл гэх мэтээр хуульчлах гэж байна. Аль ч яамны нэг сарын гүйлгээг “шилэн данс”-ны системээр хянахад 10 гаруй удаагийн үйлдлээр багадаа 100 сая төгрөгийг төрийн бус байгууллагууд авч байгааг хэзээ хянадаг болох вэ. Бүгдээрээ татвараа төлье.
С.ЦЭРЭНПҮРЭВ (“Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал):
-Хүүхдийн мөнгийг ялгавартай өгмөөргүй байна. Ингэхдээ халамж биш, хуримтлалтай болгох зорилгоор өгөх ёстой. Хоёрдугаарт, Шилэн дансны тухай хуулийг хэзээ шинэчлэх вэ. Зарцуулалт, тайлагнал нь муудаад байна.
Ц.ЛУТ-ОЧИР (Эдийн засагч):
-Энд түмэн янзын, ойрын зовлонгоо яриад байна. Төсвийн бодлого нь тэдгээрийг онодоггүй. Төсвийн төлөвлөлтийн тухай хуультай болж байж л бид энэ шавраас гарна. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд нь тойргийн иргэдтэй хамт төсвийг тал тал тийш нь чангаадаг байдал арилахгүй. Сангийн яам нь үүнийг шийдвэрлэхдээ 100 төсөлд нэг, нэг төгрөг хуваарилдаг. Үүний оронд манай эдийн засаг жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шингээх боломжтойг нь тогтоогоод, орон нутагт түүнд нь таарсан эрхийг нь олгочих хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгөнд таарсан хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийд гээд эрхийг нь олгочихвол илүү бодитой. Ирэх оны төсвийг өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчсөн. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга нь үүнийг ярихгүй, социализмын үеийн хуваарилалт хийх нь зөв гэж хэлэх юм. Ийм хоцрогдсон хүмүүсээ соль л доо.
Ч.НАРАНБААТАР (“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын тэргүүн):
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг 600 гаруй компанийг төлөөлж үгээ хэлэх гэж ирлээ. Бидний байдал маш хүндэрсэн учраас дампуурчихгүйн тулд хоёр санал хэлье. Цар тахалтай холбоотойгоор хил хаагдсан 2021 оны хавраас эхлэн барилгын материалын үнэ хэд дахин өссөн. Ийм нөхцөлд бид ажиллаж чадаагүй. Тиймээс ч төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл одоогоор 49 хувьтай буюу туйлын хангалтгүй байна. Төсвийг тодотгохдоо биднээс огт санал авалгүйгээр санхүүжилтийг нь 70-100 хувиар таначихсан. Ажлаа эхлүүлэхийн тулд баахан зээл авч, хамаг хөрөнгөө барьцаанд тавьчихсан байсан компаниудыг ингэж хорлож болохгүй. Одоо бүгд татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Төр, засгаас болж аж ахуйн нэгжүүд хохирлоо. 10-аад жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил авсан бол бид нэхэмжлэхээ бичиж өгөөд л 30 хувийн санхүүжилтийг төрөөс авчихдаг байсан. Тэр үед бидэнд банкны үүд сахих шаардлага байгаагүй. Шууд ажлаа эхэлдэг байлаа. Одоо үүнээс болж төсвийн хөрөнгөөр хийдэг бүтээн байгуулалт удааширсан гэв.