Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ыг татан буулгахаар шийдсэнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Ингэснээр "Салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл барина" гэсэн юм. Монгол Улсын хувьд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ын байгуулан ажиллаж байсан. Одоогоор МХЕГ нь 1600 гаруй албан хаагчтай юм байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн гомдлыг үндэслэн шийдсэн" гэлээ.
МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм байна. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ гэв. Түүнчлэн ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байгуулахаар болжээ.