Грек, Туркийн хил орчмоос зуу шахам нүцгэн эрэгтэй олдсонд санаа зовж байгаагаа НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн агентлагаас илэрхийлжээ. “Ийм хэрцгий, хүний нэр төрийг гутаан доромжилсон хандлагыг буруушааж, энэ хэргийг бүрэн мөрдөн шалгахыг уриалж байна” гэж НҮБ мэдэгдэв. Тодруулбал, Грекийн хилчид Европын Холбооны хилийн хяналтын “Frontex” агентлагийн ажилтнуудын хамт Турктэй залгаа хойд хилээс холгүй газраас 92 цагаач аварчээ.
Афганистан, Сирийн голдуу тэдгээр цагаач Туркээс резинэн завиар Эврос гол гатлан Грекийн нутаг дэвсгэрт нэвтэрснийг цагдаа нар уламжлав. Энэ хэрэг явдалд оролцоогүй гэж Туркийн тал мэдэгдсэн байна. Хууль бус тэдгээр цагаач хувцасгүйгээс гадна заримынх нь бие гэмтсэн байжээ. Тэдэнд нэн даруй хувцас, хоол хүнс, анхны тусламж үзүүлсэн гэж Грекийн эрх баригчид мэдэгдлээ. Тэд яагаад нүцгэн байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Болсон явдалд хоёр улс бие биенээ буруутгажээ. Грек улс Туркийг буруутгахдаа тус улсыг соёл иргэншлийн хувьд гутамшигтай үйлдэл хийсэн гэв. Туркийг хууль бус цагаачлалыг өөрийн зорилгоор ашиглаж байна гэж Грекийн Иргэдийн эрхийг хамгаалах сайд Такис Теодорикакос буруутгав. “Туркийн армийн гурван машин тэднийг хоёр улсын хилээр дайран урсдаг голд хүргэсэн” гэж цагаачдын олонх нь “Frontex”-ийн ажилтнуудад хэлснийг тэрбээр Грекийн телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Frontex”-ийн зарим өндөр албан тушаалтан цагаачдыг Грекээс Турк рүү нууцаар албадан гаргадаг хэмээн шүүмжилсэн Европын Холбооны албаны хүмүүсийн мэдээлэл цацагдсанаас хэд хоногийн дараа нүцгэн хүмүүс олдсон аж. Афин үүнийг үгүйсгэж байна. Тийм практик одоо байхгүй гэж “Frontex” мэдэгдэв.
Турк хөршийнхөө мэдэгдлийг хуурамч хэмээгээд, тус улсыг харгис хэрцгий гэж буруутгажээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан НҮБ-д үг хэлэхдээ Грекийг Эгийн тэнгисийг оршуулгын газар болгосон хэмээн буруутгаж, Афин цагаачлалын талаар дарангуйллын бодлого явуулж байна гэж мэдэгджээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун олон нийтийн сүлжээнд “Грекийн хуурамч мэдээллийн машин дахин ажиллах боллоо” гэж бичжээ. Европын бусад олон орноос илүү Грек 2015, 2016 оны цагаачлалын хямралд нэрвэгдсэн аж. Тэр үед Сири, Ирак, Афганистанаас дайн болон ядуурлаас зугтсан нэг сая орчим дүрвэгч Туркээр голдуу дамжин Грект очсон аж. Түүнээс хойш ирэх дүрвэгсдийн тоо багассан ч сүүлийн үед Турктэй хиллэдэг хуурай газраар болон Грекийн арлуудыг дайран тус улс руу нэвтрэх оролдлого ихэссэн гэж Грекийн эрх баригчид мэдэгдэв. Туркийг Европын Холбоотой 2016 онд байгуулсан гэрээгээ дагаж мөрдөхийг Грек улс уриалжээ. Европ руу чиглэсэн цагаачдын урсгалыг Анкара хязгаарлаж, үүнийхээ оронд олон тэрбум еврогийн тусламж авахаар уг баримт бичигт тусгасан байдаг аж. Грекийн эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд Турктэй залгаа хойд хилийн дагуу босгосон 40 км урт хашаагаа уртасгах гэж байгааг Т.Теодорикакос мэдэгджээ.