Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран Монгол Улсад хуурай боомт хөгжүүлэх асуудлаар олон улсын шинжээч нарын түвшний техникийн зөвлөлдөх уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Манай улсын гуравдагч оронтой хийх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээвэр ОХУ, БНХАУ-ын газар нутаг, далайн боомтуудаар дамжин өнгөрдөг тул Монгол Улс олон улсын тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр хоёр хөрш оронтойгоо нягт хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны дүнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт талууд гарын үсэг зурсан билээ.
ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал Э.Есүхэй "Хуурай боомтыг байгуулахаар 2020 оноос эхлэн судалгааг хийж эхэлсэн. Уг боомтыг бий болгохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Иймд тус боомтыг саадгүй барихын тулд судалгааг маш нарийн хийсэн байх шаардлагатай. Мөн хууль эрхзүйн орчин судалж, дотоодын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна. Тус боомтыг барьснаар ачаа барааг саадгүй тээвэрлэх чиг үүрэгтэй. Хуурай боомтыг Монголд хөгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоолол гарсан.
Гурван улсын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад дөрвөн газар хуурай боомт байгуулах боломжтой гэж заасан. Тухайлбал, Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Чойбалсан зэрэг газруудад хуурай боомт байгуулах боломжтой. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтарч хийсэн судалгаагаар Цагаан нуурын чөлөөт бүс болон Бичигт боомтуудын ойролцоо хуурай боомт нэмж бий болгох талаар техникийн үнэлгээ хийсэн" гэлээ.