Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын үйлдвэрүүдэд өчигдөр ажиллав. Тэрбээр мах боловсруулах “Цалуут импекс”, ус, ундаа, жүүс үйлдвэрлэгч “М-Си-Эс кока кола” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. “Цалуут импекс” компанийн мах боловсруулах үйлдвэр хоногт 1000 бог, 250 бод төхөөрч, ангилан боловсруулах хүчин чадалтай аж. Түүнчлэн хоногт 60 тонн мах гүн хөлдөөж, 500 тонныг хадгалах агуулахтай. Мөн хоногт 15 тонн мах дулааны аргаар боловсруулах цехтэй гэнэ. Бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрээр борлуулж, уул уурхайн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг юм байна. Үүнээс гадна Иран болон Төв Азийн орнуудад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж, БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор төлөвлөжээ.
“Зах зээлд байгаа махны 90 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг. Энэ нь эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Иймээс үйлдвэрийн аргаар бэлтгэхийг дэмжих нь зүйтэй” гэж үздэгээ тус компанийн удирдлагууд дуулгасан байна. Улмаар төсвийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд хэрэгцээт махаа боловсруулах үйлдвэрүүдээс авдаг байх хувилбарыг санал болгов. Мөн үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь чухал байгааг хэлсэн аж.
Улсын хэмжээнд мал төхөөрөх 100, мах боловсруулах 90 орчим, дулааны аргаар мах боловсруулах 80 гаруй үйлдвэр, цех бүртгэлтэй гэнэ. Өнгөрсөн онд нийт бэлтгэсэн махны 3.4 хувьтай тэнцэхийг нь дотоодын үйлдвэрүүдэд боловсруулжээ.
“М-Си-Эс кока кола” компани 21 брэндийн 150 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, 950 хүнийг ажлын байраар хангадаг байна. Тус үйлдвэр 2018 оноос “Элсэн чихрийн агууламжийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр 1-2 төрлийн амтыг бууруулж байхаар төлөвлөжээ. Мөн өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, хийн түлшээр ажилладаг утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулсан аж. Тус компани 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх хуванцар саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай гүйцэтгэх захирал Л.Мягмаржав танилцуулсан байна. “Хүнсний тухай хуулийн “Импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэсэн заалтыг мөрдөхөд тээвэрлэлт, хил, гаалийн асуудлаас шалтгаалан хүндрэл үүсдэг. Иймээс импортлох хүнсний түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тусад нь авч үзэж, хуулийн энэ заалтыг өөрчлөх шаардлагатай” хэмээн тэрбээр Ерөнхийлөгчид саналаа хэлжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирэх таван жилд 19 нэр, төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид чухал хувь нэмэр оруулна. Иймээс төр, засгийн зүгээс хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаатай, хүү багатай зээл олгох, татварын бодлогоор дэмжих гээд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэсэн байна.