Бүүдгэр, даруу төрх давамгайлсан Берлиний гудамжийг тод, шар, цэнхэр өнгөөр хосолсон Украины далбаа энд тэндгүй “чимж” байна. Алдарт Бранденбургийн хаалганаа өдөр, шөнийн алинд ч ардчилал, эрх чөлөө, энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөгчдийн хөл үл тасарна. Олон улсад, тэр дундаа Европын Холбооноос Орос, Украины дайныг анхнаас нь тууштай, хүчтэй эсэргүүцэж байгаа энэ улсад Ерөнхий сайдын хувиар хөл тавьсан Л.Оюун-Эрдэнэ ч Монголын байр суурийг тодорхой илэрхийлсэн юм. Украины асуудлаар НҮБ-аас явуулсан санал хураалтад Монгол Улс удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлж буй талаар тодруулсан герман сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улс Орос, Хятад гэсэн хоёр том хөрштэй. Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улс ардчиллын төлөө тууштай зогсож, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болон төлөвшихийн төлөө хичээн, чармайж байна. Энэ нь Монгол Улсаас дэлхийн ардчилалд оруулж буй том хувь нэмэр болов уу.
Манай улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай. Хүн төрөлхтөн бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцож, энх тайвнаар зэрэгцэн орших нь чухал. Энэ дайн цаашид сунжирч болохгүй. Цөмийн зэвсэг хэрэглэхэд хүрч бүр ч болохгүй. Эл алхмын эсрэг НҮБ, Европын Холбоо, Хятад болон манай улс онцгой идэвх, чармайлт гаргах ёстой. Нэг ч хүн хохирч болохгүй. Нэг хоногийн өмнө ч болов энх тайвны зарчмыг баримтлан үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлоготой. Энэ үед гадаад харилцаа тэнцвэртэй бөгөөд идэвхтэй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Энэ нь түүний хувьд Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойших хоёр дахь (өнгөрсөн наймдугаар сард Сингапур улсад албан ёсны айлчлал хийсэн), Европын Холбооны орнуудын хэмжээнд хийсэн анхны айлчлал болов. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний түвшинд 13 жилийн дараа (Ерөнхий сайд С.Баяр 2009 онд албан ёсны айлчлал хийсэн) Герман улсад хийсэн айлчлал Ерөнхий сайдыг эх орноосоо мордохоос авхуулаад хэл ам дагуулсан юм. МИАТ компанийн Улаанбаатар-Франкфуртын нислэгийн чиглэлийг өөрчилж, Берлинд зогссоны буруутнаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэрлэж, нийгмийн сүлжээнд бараг л огцруулсан гэхэд болно. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тусгай үүргийн нислэг захиалалгүй, дээрх арга замыг сонгосноор зардлаа тав дахин хэмнэснийг ажил хариуцсан хүмүүс нь тайлбарлана лээ. Гэвч МИАТ тэргүүтэй байгууллага, албаны хүмүүсийнх нь ажлаа зохион байгуулсан байдал, үүссэн асуудалтай холбоотойгоор гаргаж буй хандлага, мэдрэмж нь өндөр, дээд хэмжээний эл айлчлал хийгээд үр дүнгийнх нь талаарх мэдээлэл, ойлголтыг тарамдуулчих шиг боллоо. Уг нь Украины эсрэг дайн өдүүлсэн Оросын хөрш Монголын Засгийн газрын тэргүүн энэ түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэгч Германд зориод очиж байгаа нь том агуулга тээж буй байлтай.
Ер нь Улаанбаатараас Берлин рүү шууд нислэгтэй болохыг хүсэж буй саналаа Ерөнхий сайдын, иргэдтэй хийсэн уулзалтын үеэр олон хүн илэрхийлсэн юм. МИАТ компани 2019 оныг хүртэл Берлин рүү шууд нислэг үйлдэж байсан ч алдагдал хүлээсний улмаас зогсоогоод буй. Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн мэдээллээр манай талаас Германы компанитай энэ онд багтаан код хуваах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр манай иргэд Берлинээс хямд зардлаар шууд нисэх боломж бүрдэх юм. Мөн “Монголиан эйрвэйз” компани энэ чиглэлд шууд нислэг хийх саналаа эрх бүхий байгууллагад нь тавиад байгаа бөгөөд үүнийг нь зөвшөөрч, эрх олгохоо салбарын сайд нь хэллээ.
Герман нь Европ дахь Монголын гол түнш, гуравдагч хөрш гэдгийг талууд онцолж, 2008 оноос иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа Засгийн газрын тэргүүн нар санал нэгтэй илэрхийллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ тухайд “Сүүлийн 13 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа зогсоогүй ч бид түншлэлийн харилцаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргая гэдэг саналыг олон жилийн өмнөөс Германы талд тавьж ирсэн. Энэ асуудлаар бид тохиролцоонд хүрлээ” хэмээн тодотгосон юм. Улмаар 2024 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж Төрийн тэргүүн нарыг харилцан айлчлуулахаар тохирлоо. Мөн Канцлер Олаф Шольц ч Монголд айлчлахаа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд С.Баярын хийсэн айлчлалын үеэр нүүрснээс шингэн түлш гарган авах, коксын хамтарсан үйлдвэр байгуулах, төмөр зам тавих, рельсийг нь үйлдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж байсан бол энэ удаа газрын ховор элемент, эрчим хүч томоохон сэдэв боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Манай улсад газрын ховор элементийг ашиглаж байгаагүй. Үүний тулд өндөр технологи шаардлагатай. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах чиглэлээр Герман улстай хамтарч ажиллах, тэр дундаа аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь туйлын чухал. Ирээдүйд дэлхий нийт цахилгаан машин руу шилжих нь. Тиймээс манай улс газрын ховор элементийг боловсруулах хэмжээнд очиж чадвал стратегийн хувьд гол тоглогч байх боломжтой” гэж байлаа. Канцлер Ангела Меркел манай улсад айлчлах үеэр анх хөндсөн энэ ажлыг судалгааны түвшинд хамтран эхлүүлэхээр тогтсон юм.
Улмаар ирэх оны нэгдүгээр сард Германы Цахим шилжилт, тээврийн сайд манай улсад айлчлахаар болсон бөгөөд энэ үеэр хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэв. Цахим шилжилт, тээврийн сайдаар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн төлөөллийг Монгол Улсад ажиллах үеэр Улаанбаатарын нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх талаар ярилцах аж. Ингэхдээ манай нийтийн тээвэр, түгжрэлийн асуудлаар үнэлгээ хийн, хамтарсан шийдэлд хүрэхээр төлөвлөжээ. Ерөнхийдөө евро стандартын цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэх нь энэ ажлын гол зорилго аж. Гэхдээ үнэ, өртөг нь өндөр тул зөрүүг судалж, Германы талтай ярилцах гэнэ.
Канцлер Олаф Шольц “Манай хоёр улсын хооронд тогтоосон хөрөнгө оруулалт, түүхий эдийн салбарт хийх ажил их байна. Эдгээр ажлыг найдвартай хийх орчин бүрдүүлэхийн тулд тодорхой төслүүдийг урагшлуулахаар ярилаа. “Бүх өндгийг нэг богцонд хийж болохгүй” гэсэн Германы зүйр үг бий. Тиймээс бидний хувьд ийм байдлаар түүхий эдийн хамтын ажиллагаагаа гуравдагч хөрштэйгөө үргэлжлүүлнэ” хэмээн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн юм.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлүүдээр 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хоёр улсын боловсролын асуудал хариуцсан яамдын түвшинд ямар чиглэлээр, хэдий хугацаанд инженерүүдээ бэлтгэх вэ гэдгийг ярилцах юм. 1000 инженерийг бэлтгэхийн тулд эхлээд иргэддээ герман хэлний мэдлэг олгох чиглэлд манай тал илүү анхаарах юм байна. Ингээд хэлний бэлтгэл хангасан хүмүүсээ Засгийн газрын тэтгэлгээр Германд бэлтгэн, дадлагажуулах аж. Түүнчлэн залуус солилцооны талаар хамтарсан мэдэгдэлд талууд гарын үсэг зурлаа. Ийм баримт бичгийг ХБНГУ 60 орчим оронтой байгуулсан юм байна. Монгол Улстай байгуулснаар 19-29 насны залуусаа солилцож, өөр өөрсдийн орны соёл, зан заншил, түүх, амьдралын хэв маягтай танилцаж боломж бүрдүүлэх аж. Энэ нь зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх, гадаад сурталчилгаа хийхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байна.
Гэхдээ Тавантолгойн бүлэг орд газраас Гашуунсухайт хүртэл төмөр зам тавих, ТЭЗҮ-ийг нь боловсруулах, санхүүжүүлэх гэрээг Германы “DB international” компани, Монголын “Энержи ресурс” компаниуд тохирч, 13 жилийн өмнөх айлчлалын үед гарын үсэг зурсан ажил урагшлаагүй. Энэ гэрээг хэрэгжүүлэх шатанд Монголын талаас зогсоосон зэрэг итгэл алдсан асуудлын талаар Ерөнхий сайд тайлбар хийж, нэр бүхий бизнесийн байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Үүнээс гадна Германы Засгийн газраас Монгол Улсыг хөгжлийн албан ёсны дэмжлэг, туслалцаа авах улсуудын жагсаалтад оруулснаа өнгөрсөн зургадугаар сард манай талд мэдэгдсэн билээ. Үүнд манай улс 1992 оноос хамрагдаж, 500 сая орчим еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 оны тавдугаар сард зогсоогоод байсан юм. Ирэх оны зургадугаар сард хамтын ажиллагааныхаа гол чиглэлээ тодорхойлохоор Засгийн газрын хамтарсан хуралдааныг хийхээр сая тогтов. Хөгжлийн хамтын ажиллагаагаа сэргээсэн нь том алхам болохыг Канцлер Олаф Шольц онцолж байсан юм.