Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман улсаас эхлүүлсэн. Тэрбээр Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийн, хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцсоноор энэ удаагийн айлчлал өндөрлөв. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. ХБНГУ гадаадын улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, замуудыг эрэлхийлж буйг тэрбээр тодотгосон юм. Азийн орнуудтай, тухайлбал, Монгол Улстай харилцаагаа улам бүр өргөжүүлэхийг чухалчилж, 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан түүнийг үр дүнтэй тэмдэглэн, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
Албан ёсны хэлэлцээний үеэр олон улсын болон бүс нутгийн түвшинд үүсэж буй цар тахал, геополитикийн хурцадмал байдлын талаар Засгийн газрын тэргүүн нар санал солилцсон юм. Монгол Улс Герман Улсыг Европ дахь манай итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үздэгээ илэрхийлж, улс төр, батлан хамгаалах, нийгэм, эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан, нягт хамтран ажиллахаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Канцлер О.Шольц нар албан ёсны хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн юм. Талууд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан дараагийн хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа илүү идэвхжүүлэхэд санал нэгдсэнийг Засгийн газрын тэргүүн нар онцолж байлаа.
Юуны түрүүнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж, түншлэн ажиллах, Тавантолгойн болон V цахилгаан станц зэрэг томоохон төсөлд хамтрахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүссэн байна. Канцлер Олаф Шольц “2009 оноос хойш ХБНГУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайдын анхны айлчлал болж буй учраас бид машид чухалчилж байна. Монгол Улс ХБНГУ-ыг Европын Холбооны итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үздэгт талархаж буйгаа илэрхийлье. Ардчилсан нийгэм бүтээхийн төлөө явж байгаа Монгол болон манай улс үнэт зүйлсийг нь мартаж болохгүй” гээд ирэх оны зургадугаар сард хоёр талын Засгийн газрын түвшний хамтарсан уулзалт хийх талаар уламжилсан юм. Мөн цаашдын хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагаанд эрчим хүчний салбар гол байр суурь эзлэхийг тэрбээр тодотгоод, “Нүүрснээс татгалзах, нар, салхины эрчим хүчний хамтын ажиллагаагаа шат ахиулна. Учир нь аль нэгэн улсын хамаарлыг багасах шаардлага тулгарч байна” гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл болох уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үйлчилгээний “Вийзэ”, сэргээгдэх эрчим хүчий WPD компанийн удирдлага бараалхсан юм. WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд сумд 120 MВт-ын салхин парк байгуулахаар ажиллаж буй. Ирэх оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийг танилцуулж байлаа.
ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХАГАС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМТРАН СУДЛАХ НЬ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэл болох эрчим хүч, тээвэр ложистик, уул уурхай, мэдээллийн технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн салбарын 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх нь. Ер нь аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Германтай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Улмаар зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин, техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хамтран судлах ажлыг эхлүүлэхээр тогтсон нь албан ёсны хэлэлцээний нэг үр дүн байв. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг, бизнесийн чиглэлээр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Герман улс бол автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Үүнтэй холбоотойгоор цахилгаан машинд ашиглах зэс, өнгөт металлын үйлдвэрлэлээр Монгол Улстай хамтарч ажиллах боломжууд нээгдэж байна” гэж байлаа.
Үүнээс гадна 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов. Мөн Монгол Улс зам тээвэр, нийтийн тээврийн шинэчлэлийг евро стандартад хүргэх зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр орны Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулан, Монголд гарын үсэг зурах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Үүнийг цахим шилжилт, тээврийн яамны асуудал харицсан сайд нар ахалж, Монгол Улсад ажиллуулахаар тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хүрээнд нийтийн тээврийг евро стандартад шилжүүлэх ажлыг өрнүүлэх юм байна. Цаашлаад хүнсний аюулгүй байдал, хангамж, нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийнхнийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ.
ГЕРМАНЫ ЭРХ БАРИГЧ НАМЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Говь” компанийн Берлин дэх салбар дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үндэсний ууган үйлдвэр “Говь” ХК нь Берлин дэх салбар дэлгүүрээ 2016 онд нээж, 2019 оноос олон улс дахь онлайн худалдаагаа эхлүүлжээ. Тус компани нь ирэх хоёр жилд Европын Холбооны 27 орон болон Британи зэрэг улсад нийт 60 салбар нээж, 2030 он гэхэд ажилчдынхаа тоог 8500-гаар нэмэгдүүлэн, 10 мянгад хүргэхээр зорьж буй аж. Нөгөө талаас 100 мянган малчин өрхөөс ноолуур бэлтгэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулж, манай улсын ноолуураас олдог хоёр их наядын орлогыг зургаа болгож нэмэгдүүлэх зорилготойг удирдлага нь хэлж байлаа. Ерөнхий сайд “Эдийн засгаа төрөлжүүлэх боломж манайд бий. Нэг нь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн буюу ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн. Нөгөөх нь, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал” гээд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж буй компаниудыг Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа. Цаашид парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр талууд тохирсон юм.