Ираны “Эвин” шоронд болсон үймээний үеэр их хэмжээний гал гарч, найман хүн гэмтсэн гэж Засгийн газрынх нь мэдээллийн IRNA агентлаг дамжууллаа. Галын дүрс бичлэгийг нийтэлсэн гэрчүүдийн уламжилснаар шоронгоос хэсэг хугацаанд буун дуу, дуут дохио сонсогдож байв. Ираны сөрөг хүчний нэг бүлэглэлээс нийтэлсэн уг бичлэгт “Дарангуйлагч сөнөтүгэй” хэмээн хүмүүс хашхирах нь сонсогджээ. Энэ нь Ираныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглааны уриа, лоозонгийн нэг юм.
Шоронг хяналтад авч, тэндхийн замыг хааж, цагдаагийн тусгай батальонуудыг дотогш оруулсан тухай гэрчүүд мэдээлжээ. Гал сөнөөгчид ч газар дээр нь ажиллаж байгаа гэнэ. Галыг хоригдлууд тавьсан хэмээн Ираны эрх баригчид мэдэгдсэн байна. Тэрчлэн шоронгийн санхүү, хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлэгсдийн хэсэгт эхэлсэн үймээнийг дарсан гэж IRNA мэдээлжээ. Энэ нь “Эвин” шоронд байгаа улс төрийн хоригдлууд үймээн самуунд оролцоогүй гэсэн үг аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр хоригдлуудын төрөл төрөгсөд шоронгийн үүдэнд цугларчээ.
“Эвин”-д сөрөг хүчнийхнээс гадна Ираны сэтгүүлчид, тус улсад ял шийтгүүлсэн гадаадын иргэд, давхар иргэншилтэй хүмүүс ял эдэлдэг. Өрнөдийн хүний эрхийн төлөө тэмцэгчид эл шоронгийн дэглэмийг шүүмжилсээр ирсэн. Тэндхийн хоригдлуудыг эрүүдэн шүүж, эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж, бүх насаар нь хорино хэмээн сүрдүүлдэг гэж олон улсын хүний эрхийн “Human rights watch” байгууллагаас мэдэгдэв. Шоронгийн ажилтнууд хоригдлуудыг зодож, тамлаж буй бичлэгийг “Edalat-e Ali” (“Алигийн шударга ёс”) гэх хакеруудын бүлэг дотоод хяналтын камераас авснаа өнгөрсөн оны наймдугаар сард интернэтэд нийтэлсэн юм.
Иранд хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Энэ нь тус улсад сүүлийн хэдэн арван жилийн турш үргэлжилсэн олон нийтийн дургүйцлийн хамгийн том давлагаа бөгөөд эрх баригчдад нь ноцтой сорилт болж байгаа тухай ВВС мэдээлжээ. Өнгөрсөн сарын 13-нд хижаб өмсөх дүрэм зөрчсөн хэргээр Ираны Цагдаагийн газарт саатуулагдсан 22 настай Махса Амини амиа алдсантай холбоотойгоор жагсаалыг эхлүүлсэн юм. Албан бус мэдээллээр жагсаалын үеэр баривчлагдсан сөрөг хүчний олон зуун гишүүн “Эвин”-д ял эдэлж байна.