Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, зарим журмыг шинэчлэн баталлаа. Тодруулбал, дотоодын зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлж, хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болох, мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэхдээ сангийн активт тавих шаардлагыг илүү хөнгөвчлөн зах зээлийн нөхцөл байдал, өөрийн орны онцлог болон олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгосон аж. Энэ нь шинэ бүтээгдэхүүнүүдийн тоо өсөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, зах зээлд итгэх итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэв.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих журам боловсруулж, дээрх хуралдаанаар баталжээ. Бас нэг компанид хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр эл төрлийн хоёр дахь сан манайд бий болж буй юм.
Хуралдаанаар ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох талаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлав. ББСБ-ууд энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн аппликэйшнээр олгосон 1 159 569 зээлдэгчийн 319.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэлтэй байжээ. Энэ нь нийт зээлдэгчийн 76.4, нийт санхүүжилтийн үлдэгдлийн 12.8 хувь гэсэн үг. Сонирхуулахад, финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275.8 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт санхүүжилтийн дунджаас 22 дахин бага гэнэ. Ийнхүү өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлага тавих нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй аж. Бас ББСБ-уудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн зааврыг хуралдаанаар баталжээ. Мөн “Мандал лайф” ХХК-д урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр “Мандал лайф” нь манай улсын урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан хоёр дахь компани боллоо.
Бэлтгэсэн Б.Сонор