УИХ ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Энэ оны төсөв хэд хэдэн онцлогтой. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ирэх оны төсөвт бүрэн хэрэгжүүлж буй. Сангийн яамныхан эл хуулийн дагуу нэг их наяд төгрөгийн зардал хэмнэсэн гэж мэдэгдсэн. Мөн таван төслөөс бусад шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй. Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авч, тэдгээрийн зогсоолыг барихад 27 тэрбумыг зарцуулна. Улсын чанартай авто замын засварт 35.5, Үндэсний дата төвийн тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг сайжруулахад 13.5 тэрбум төгрөг зориулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна Сангийн сайд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төсөл хийх, зөвлөх үйлчилгээ авах, бэлтгэл хангахад 80 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Шинэ хөрөнгө оруулалт олныг тусгаагүй ч нийт зардал нь 474 тэрбум төгрөгтэй дүйв. Энэ нь төсвийн зардлыг багагүй хэмжээгээр нэмж буй мөнгө. Ингээд нийт зургаан их наяд төгрөгийн санхүүжилт бүхий төсөл, арга хэмжээг 2023 онд 2.7 их наядаар санхүүжүүлэх нь. Хэмнэлт хийгээгүй, шинэ хөрөнгө оруулалт олныг нэмж тусгасан бол төсвийн зардал 22 их наяд төгрөг давах байсан гэнэ лээ. Тэгвэл УИХ одоо 20.4 их наяд төгрөгийн зардалтай төсөв батлахаар хэлэлцэж байна. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөгийн үнэ цэнээр 43.5 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр төсвийн зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувьтай тэнцэх юм.
Эдийн засгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцаа гэж бий. Судлаачид тухайн улсын төсвийн зарлагын эзлэх хувь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20-30 хувьтай тэнцэж байвал сайн гэж үздэг. Гэхдээ Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20-30 хувьтай тэнцүүлэх гээд төсвийн зардлаа хэт танах нь буруу. Төр болон нийтийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, халамж, тэтгэврээ тавьж, олон нийтэд ач тустай хатуу болон зөөлөн дэд бүтцийг бүтээн байгуулахад төсөв хүрэлцэж байх учиртай. Өөрөөр хэлбэл, хүн амын амьдралын сайн сайхны тулд хүрэлцэхүйц төсөв баталлаа гэхэд тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20-30 хувьтай тэнцүү байвал сайн гэсэн санаа юм. Тиймээс эдийн засгийн үзүүлэлтээ сайн байлгахын тулд монголчуудад дотоодын нийт бүтээгдэхүүнээ 60-65 их наяд төгрөгт хүргэх шаардлага тулгарчээ гэж ойлгож болох нь. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ ийм хэмжээнд хүргэвэл манайх 18 орчим тэрбум ам.долларын эдийн засагтай улс болно. Тэгвэл одоо манай улс 13 орчим тэрбум ам.долларын эдийн засагтай л байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 24 их наяд ам.доллартой дүйж буй. Үүнтэй харьцуулбал манайх өчүүхэн жижиг эдийн засагтай улс юм.
Улсын төсвийн зардал 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 31 хувьтай тэнцүү байжээ. Арван жилийн дараа гэхэд 40 хувь руу дөхсөн хэрэг. Шинээр сургууль, цэцэрлэг олноор ашиглалтад оруулж байгаа учраас төсвийн урсгал зардал жил бүр автоматаар 10 хувиар нэмэгдэж буйг Сангийн яамныхан дуулгасан. Төсвийн хөрөнгөөр 2024 оноос шинэ бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарна. Тэгэхээр төсвийн зардал ирэх жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь руу дөхөх бололтой. Ингэвэл Монгол Улсын эдийн засаг төсвөөс ихээхэн хамааралтай болно. Цаашлаад эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх юм. Тэгэхээр төсвийн эдийн засагтай улс болох уу, дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх үү гэсэн асуулт бидэнд тулгарч байна. Төсвийн эдийн засагтай болох нь маш муу сонголт гэдгийг дээрхээс ойлгосон байх. Төрийн оролцоо эдийн засагт нэмэгдвэл яавч сайн зүйл авчрахгүй. Чөлөөт зах зээлийн зарчмаас ч улс орноо хазайлгаж мэднэ. Улсын төсвийн зардлын дийлэнхийг урсгал зардал эзэлдэг. Энэ нь ажлын байр шинээр бий болгодоггүй. Тиймээс ерөнхий агуулгаар нь төсвийн эдийн засагт үзүүлэх сайн нөлөө бага гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр, эдийн засгаа өсгөх нь төсвийн зардлаа нэмж, хэрэгцээтэй бүтээн байгуулалт хийх боломжийг олгох нь дамжиггүй. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх шаардлагатай гэдэгтэй хэн ч маргахгүй.
Төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх 6-8 их наяд төгрөгийн санал жил бүр ирдэг. Засгийн газарт хүн амын эрүүл аюулгүй, ая тухтай амьдралын төлөө хийх хөрөнгө оруулалт их байгааг үүнээс харж болно. Нүдэнд харагдаж буй, амьдралд ойрхон жишээ дурдъя. Монголчууд “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтыг бараг дуусгасан. Одоо хилийн боомтууд, аймгуудаа авто замаар холбох шаардлагатай байгаа. Мөн Улаанбаатар хот, аймгийн томоохон төвүүдэд сургууль, цэцэрлэг барих шаардлага бий. Эдгээр бол наад захын жишээ. Цаашлаад боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хийх хөрөнгө оруулах хэрэгцээ өчнөөн. Бүгдийг нь гадаадын тусламжаар шийдвэрлэх боломжгүй. Тэд Монголыг хөгжүүлж өгөх өргүй. Гадаадаас зээл авч бүтээн байгуулалт хийсээр байвал өрөнд баригдаж, эдийн засгаа сүйрүүлнэ. Одоо УИХ зардал өндөртэй, алдагдалтай төсөв баталдаг, түүнийгээ гадаадын зээлээр санхүүжүүлдэг муухан, аргацаасан арга барилаар ажиллаж байна. Үүнээс салах ёстой. Ингэхийн тулд, өөрийн хүчээр хөгжихийн төлөө эдийн засгаа тэлэхээс өөр замгүй.
Эдийн засгийн өсөлтийг төсвийн санхүүжилт, мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт бий болгодог. Тэгэхээр эдийн засгаа юунд тулгуурлаж, ямар загвараар хөгжүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Энэ жил хэмнэсэн төсөв батлах нь. Мөнгөний нийлүүлэлт хумигдаж байна. Банкууд зээл олгохоо зогсоолоо. Иймээс төсөв, мөнгөний нийлүүлэлтээр ирэх жил эдийн засгийн өндөр өсөлт бий болгож чадахгүй. “Оюутолгой” компани жил бүр нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Гүний уурхайн олборлолтыг ирэх жил эхлүүлэхээр уг төслийн үр өгөөж нэмэгдэнэ гэж таамаглаж буй. Үүнээс өөр гадаадын шууд хөрөнгө оруулалт бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгаа хурдтай өсгөж чадахгүй учраас гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Мөн эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсээ шийдвэрлэх шаардлагатай.
Гадаадын хөрөнгө оруулагчид манай уул уурхайн салбарыг л сонирхоно. Ерөөс эдийн засгийн өсөлтөд хурдтай нөлөөлөх салбар нь одоогоор уул уурхай л байгаа. Тиймээс Цагаан суварга, Хармагтай зэрэг зэсийн, мөн эрчим хүчний нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бүтээгдэхүүн экспортлох боломжийг нээх хэрэгтэй. Алтны үндсэн ордуудаа ч төрөөс бодлогоор дэмжиж, ашиглалтад оруулах шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл болоод буй эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, боомтуудаа өргөтгөх учиртай. “Эрдэнэт үйлдвэр” ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дээд тал нь 15 хувиар тооцож төлж буй. Тодруулбал, тонн зэсийн үнэ 9000 ам.доллароос давсан тохиолдолд дээрх хэмжээгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Зэсийн жижиг төслүүд ийм өндөр хэмжээгээр тооцож, төлбөр төлж чадахгүй учраас “гацсан” гэж салбарынхан ярьдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт, ажлын байр, экспортын орлогоо нэмэгдүүлэхийн тулд өндөр татвараа ч зохистой түвшинд хүргэж бууруулах шаардлагатай байх нь.
Төр бүгдийг хийнэ гэж гөжүүдлэх биш, гадаадын хөрөнгөтэй, туршлагатай компаниудтай хамтран ажиллах хэрэгтэй. Стратегийн ордуудыг “Эрдэнэс Монгол”-д төвлөрүүлэх нь зүйтэй. Гэвч өөрсдөө хэрэгжүүлнэ гэж дарах биш, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож, хамтран ашиглахыг урих учиртай. “Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд хуулиа өөрчилчихөөд, ерөнхий танилцуулга харуулчихаад суугаад байх нь буруу. Тодорхой төслүүдээ гадаадынханд танилцуулж, хөрөнгө оруулахыг урих хэрэгтэй” гэж ярих хүн таардаг. Даанч Засгийн газарт ингэж ажиллах, гадаад явах замын зардал байхгүй нь тоогүй.
Ашигт малтмал, газрын тосны газрынхан хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоход бэлэн байна, бэлтгэл ажлыг хангасан гэж ярьж буй. Эдийн засгийн өсөлтөө тэтгэх ажлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос эхлэх хэрэгтэй. Хайгуулын салбар хоцрогдлоо гэж хоосон үглэх биш, лицензээ одоо олгож эхэлбэл яасан юм бэ. Их мөнгө орж ирэхгүй ч уул уурхайн салбарыг урагшлуулах, хөрөнгө оруулалт татах томоохон мессеж болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эдийн засаг нь тэлэхгүй, төсөв нь томорсоор байвал Монгол Улс рахиттай хүүхэд шиг болно. Манай эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр “хөл”-тэй. Энэ хэвээр байвал хоёр “хөл” нь толгойгоо даахгүй нурж унана. Хувийн хэвшлийнхнээ дагуулаад хөрөнгө оруулалт татах аянд мордох замын зардалгүй, мөнгөгүй Монгол гуйвж байна. Гуйвсаар, гуйвсаар уначих вий дээ.