Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах хамгийн гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж юм. Эл гүүрний бүтээн байгуулалт эхэллээ.
Тодорхой хэлбэл, “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ. Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гүүр барих газар дээр ажиллах үзэрээ "Хөрөнгө санхүү хомс, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дотоод зохион байгуулалтаа сайн хийж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч энэхүү бүтээн байгуулалтыг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална.
Нийтийн тээвэр, гүүрэн байгууламж барих, зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах, явган хүний болон дугуйн зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал, бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан. Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна. Их хотын бүтээн байгуулалтад дандаа үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа” хэмээн онцолжээ.