ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Берлин хотод төвтэй “Транспэрэнси интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзаж, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо. Ерөнхий сайд авлигын гэмт хэргийг бууруулахаар хууль, эрх зүйн хүрээнд хийж буй ажлуудаасаа танилцуулав. Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа болон төсвийн ил тод байдлыг хангаж буй талаараа мэдээлэл өгсөн юм. Авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг тус байгууллагынхан онцолж байв. Уулзалтаар манай Засгийн газар “Транспэрэнси интернэшнл” байгууллагатай хамтран хүний эрх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Дараа нь Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Засгийн газрын Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Герман болон Европын Холбооны улсуудад таниулж, үндэсний аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оны наймдугаар сард Берлин хотод уг төвийг байгуулжээ. Гадаад харилцааны яам болон МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр тус төв үйл ажиллагаа явуулж буй юм.
“АЛЬ БОЛОХ ОЛНООР ҮЙЛДВЭРЛҮҮЛЭХ ЗАХИАЛАГЧИЙГ ОЛЖ ӨГӨХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО”
Энэ үеэр уг төвийн менежер Б.Гэрэлтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн Монголын жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахдаа ямар шаардлага тавьдаг бол. Одоогоор хэдэн компанитай хамтарч ажиллаж байна вэ?
-Манайх “бүрэн бус хариуцлагатай компани” гэсэн статустай байгууллага. Энэ байгууллагаар дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнийг оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монголд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуйн нэгж манайд хандах бүрэн боломжтой. Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжийг наашаа гарах эхний алхмаас авхуулаад энд ирэх хүртэл нь бүх талаар тусалж, дэмжихэд бид бэлэн. Одоогоор ноос, ноолуурын 24, арьс, ширний 18 үйлдвэр бидэнтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Үйл ажиллагаа явуулдаг, ажилтантай байх гэдэг л шалгуурыг тэдэнд тавьж байгаа. Үйлдвэрүүд маань наашаа бүтээгдэхүүнээ явуулахдаа нэмүү өртөг болон ажилчдын цалингаа шингээж ирүүлдэг. Ирүүлснийх нь дараа бид ашгаа нэмээд худалддаг.
-Бүтээгдэхүүнийг нь хэрхэн сонгодог вэ. Эндхийн худалдан авагчдын сонирхолд нийцэх загвараар захиалдаг уу?
-Хамтарч ажиллах компаниуд маань эхний ээлжид өөрсдөө бүтээгдэхүүнээ сонгож явуулдаг. Харин урт хугацаанд хамтарч ажиллах бол бид өнгө, загвараа захиална. Үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг энд борлуулж, тодорхой хэмжээний ашиг авдаг ч энэ бол бидний гол зорилго биш. Харин бидний гол зорилго бол business to business буюу аль болох олноор үйлдвэрлүүлэх захиалагчийг олж өгөх явдал юм. Яг ийм зарчмаар эхний үйлдвэрлэгчээ захиалагчтай нь холбосон.
-Арьс, ширэн эдлэл, тэр дундаа цүнх хэр худалдан авдаг вэ. Европчууд өнгө, загвар гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг шүү дээ. Тэдний шаардлагад монголчуудын үйлдвэрлэж буй арьсан цүнх нийцдэг үү?
-Манай арьс, ширэн эдлэл энд хүмүүсийн сонирхол, шаардлагыг хангахуйц сайн болсон. Хийц загвар, чанараар хаана ч гологдохгүй, харин ч өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Тиймээс бид Монголын арьс, ширэн эдлэлийг худалдаалахдаа нүүр бардам байж чаддаг.