Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Чинзориг, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нарын гишүүд өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн 51.3-т “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж нэмэхээр тусгажээ. Тодруулбал, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж, нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж буй багш, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид үүнд хамаарах юм байна. “Сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд буй нь ийм хууль санаачлахад хүргэсэн” гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг тайлбарлажээ.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд баталж, хамгийн сүүлд 2022 оны долдугаар сарын 5-нд өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.