Бараг жилийн өмнө Засгийн газраас өргөн барьсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдрөөс УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлээд буй аж. Гэхдээ эдгээр нь бүгд бие даасан хуультай гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн дийлэнх нь шүгэл үлээгчийг хамгаалах зохицуулалтыг Хөдөлмөрийн, Төрийн албаны, Эрүүгийн болон Авлигын эсрэг гэх мэт хуульдаа тусгаж, цөөн хэд нь тусгайлсан хуулиар зохицуулж байгаа аж. Гэхдээ сүүлийн үед бие даасан хуультай болсон улс орны тоо нэмэгдэж байгаа гэнэ. Манай улсын хувьд энэ төслийг санаачлах ч шаардлагагүй байсан юм гэж шүүмжлэх хүмүүс байхад хав дарсан хуулиа хэлэлцэхийг нь шахаж, нэхэх нэг хэсэг ч бий.
“Шүгэл үлээгч” (whistleblow) гэх нэр томьёог 1972 онд Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ральф Нейдер хэрэглэсэн түүхтэй. Ингэхдээ “нууц мэдээлэгч”, “матаач” зэрэг сөрөг нэршлээс ялгаатайг нь онцолж, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын эсрэг хүчтэй дуугарч, асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж буй хүнийг “шүгэл үлээгч” гэж тодотгожээ. Гэхдээ шүгэл үлээгч гэж хэн бэ гэдэг талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн ойлголт хараахан алга байгааг судалгааны эх сурвалжуудад дурдсаныг тэмдэглэе. Энэ нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрхэн батлах, юуг тусгах, хэрэгжүүлэх орчин нөхцөл, нийгмийн уур амьсгал нь бүрдсэн, эсэхэд маш нухацтай хандах ёстойг бидэнд анхааруулж байна. Мөнгөний төлөө, нийтийн гэхээс илүү хувийн ашиг сонирхлын төлөө бусдыг хохироох гэсэн матаачдын санаатай үйлдлийг халхавчлах хуультай болчих вий. Ялангуяа эрх мэдэл, явцуу ашиг сонирхлынхоо төлөө яахаас ч буцахгүй болдог улстөрчдийн барьдаг “мод” төдий хууль батлах гээд байгаа юм биш биз. Төсөлд тусгаснаар шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэл байх юм. Манай дарга нар шүгэл үлээгчийг хов зөөгч, матаач гэдэг өнцгөөс бус, хууль бус үйлдэл, нийгмийн алдаа, дутагдлыг мэдээлэгч гэж харах ёстой хэмээн сурталдаж буй ч батлах гэж байгаа хууль нь энэ зорилгод хүрч чадах, эсэх нь хамгийн чухал билээ. Матаж, гүтгэгчдийн золиос болж, хэлмэгдсэн хэдэн арван мянган хүний амьдрал манай түүхнээ мартагдахааргүй толбо үлдээснийг санахад илүүдэхгүй биз ээ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т “шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл, тайлбар өгөх, өргөдөл, гомдол гаргахыг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Бие даасан хуультай АНУ-ын хувьд хууль зөрчих, ноцтой луйвар, эсхүл шамшигдуулалт, удирдлагын алдаа, эрх мэдлийг урвуулан ашиглах, нийтлэг зүй бус үйлдэл, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд томоохон аюул учруулах зэрэг үйлдлийг тэдгээрийн баримт, нотолгоонд итгэсний үндсэн дээр ил болгож буй ажилтныг шүгэл үлээгч гэж тодорхойлсон байна. Мөн БНСУ-ын Нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийг хамгаалах тухай актад нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх гэдгийг “нийтийн ашиг сонирхлын эсрэг зөрчил гаргасан, гаргах магадлалтай талаар гомдол мэдүүлэх, буруушаах, мэдээлэх, өргөдөл өгөх, тайлагнах гэж ойлгоно” хэмээжээ. Үнэндээ манай улсын бусад хууль, тогтоомжийн хүрээнд ч өргөдөл, гомдол гаргаж, асуудлаа шийдүүлэх боломж бий. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хүртэл Өргөдөл, гомдлын байнгын хороо ажиллаж, иргэдээс ирүүлсэн мэдээллийг нээлттэй хэлэлцдэг байв. Эдгээрээс ялгаатай нь одоо иргэн мэдээллээ эрх бүхий байгууллага (прокурор, цагдаагийн болон гаалийн байгууллага, АТГ, ХЭҮК, ШӨХТГ)-д даруухнаар хүргүүлээд, “шүгэл үлээгч” гэгдэхийг хүсэх нь олон байж мэднэ.
Учир нь шүгэл үлээснийг нь тогтоовол урамшуулалтай, бас “хамгаалалт”-тай. Тухайлбал, төслийн 9.2-т “Шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ бусдад ил болгох зөвшөөрөл олгосон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд шүгэл үлээгчийн талаарх мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, нууцална” гэжээ. Мөн шүгэл үлээсэнтэй нь холбогдуулан албан тушаалыг нь бууруулах, дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах, цалин, хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авах зэргийг хориглох юм байна. Цаашлаад мэдээлэл өгсөнтэй нь холбогдуулан Эрүүгийн, Зөрчлийн тухай болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татахгүй байх, хамгаалалтын арга хэмжээ авах нөхцөл бүрдүүлэхээр байгаа юм. Ийм тохиолдолд боломжит сувгаараа мэдээллийг ил тод зарлаж, шүүмжилж, шударга бус зүйлийг нийтийн өмнө эсэргүүцэх нь хэд байх бол. Уг нь нийгэмд нээлттэйгээр зарласнаар нийтээрээ шүүмжилж, шаардаж, шийдлийг нь олсон тохиолдол бишгүй. Ардчиллын амин сүнс болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шударга ёсны төлөөх хүсэл, эрмэлзлийг энэ хууль бөхөөчих вий.
Түүнчлэн шүгэл үлээсэн мэдээллийн мөрөөр юу хийж, юунд хүрэх бол гэдэг нь анхаарал татна. Мэдээллийг нь шалгаж, үнэн, худлыг нь тогтоох байгууллагуудад итгэж болох уу гэдэг нь ихээхэн эргэлзээ, хардлага дагуулж байгаа юм. Хууль, шүүхийн гээд олон байгууллагад очсон өргөдөл, гомдол, мэдээлэл шийдэгдэлгүй, хав дарагдсан талаар бишгүй л ярьдаг шүү дээ. Угтаа шүгэл үлээгчдийн мэдээллийг шүүлгүйгээр өөрсдөө эрж, хайн буруутныг илрүүлж, зохих хариуцлагыг нь үүрүүлэх нь эдгээр байгууллага, албан хаагчдынх нь үндсэн үүрэг байлтай. Шуудхан хэлэхэд, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэх баталгаа ч байхгүй. Үнэндээ урамшууллын мөнгөний хэмжээг тооцож мэдээлэл өгч байгаа иргэн эрх бүхий байгууллагад хандахаасаа өмнө өнөөх өргөдөлд нэрийг нь илчлэх эрх мэдэлтэн, албан тушаалтантай тохиролцох гэж оролдохоос сийхгүй. Шантаажилсан мөнгөө чамлавал “шүгэл үлээгч”-ийн дүрд хувирчихна гэсэн тэлээ бодолтнууд байж л таарна. Ингээд шантаажлуулсан нөхөр нэхсэн мөнгийг нь өгөх үү, шалгаж байгаа хүнд нь авлига атгуулах уу гэсэн бодолд ээрүүлнэ. Эндээс нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэх, эцэс, төгсгөлгүй завхрал даамжрахыг үгүйсгэхгүй.
Юутай ч иргэний өгсөн мэдээлэлд үндэслэн эрх бүхий буюу дээр дурдсан байгууллагууд ямар арга хэмжээ авах талаар төсөлд лав тодорхой биш аж. Төслийн 14.1.2-т “шүгэл үлээсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагатай хамтран ажиллах” гэснээс өөр зүйл алга. Эрх бүхий байгууллага нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авсан, бүртгэсэн, шилжүүлсэн, хянан шалгасан, шүгэл үлээгчид хамгаалалтын арга хэмжээ авсан, цуцалсан, хохирлыг нөхөн төлсөн, мөнгөн урамшуулал олгосон талаар мэдээллийг агуулсан дундын мэдээллийн сантай байх тухай заалт уг төслийн 15.1-т бий. Гэхдээ шүгэл үлээгчийн мэдээллээс авхуулаад нууцалж байгаа тохиолдолд эл сан ил тод байх нь юу л бол. Нууц байх тусам “но” нь нэмэгдэх юм биш үү. Тэгээд ч дундын мэдээллийн эл санг ашиглах журмыг АТГ, ЦЕГ-ын дарга нар хамтран батална гэж байгаа юм. Тийм ч нээлттэй биш, хуулиар халхавчлан мэдээлэл өгөхөөс зайлсхийдэг байгууллагуудын удирдлага ил тод байх зарчим баримтлах болов уу. Харин нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн талаарх мэдээллийг АТГ улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх ба дэлгэрэнгүйг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд мөн хугацаанд хүргүүлэхээр заажээ.