УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. УИХ-ын даргын захирамжаар, 2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулан, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уламжлав. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх, эсэх гээд олон талаар судалж, саналуудыг нь тус ажлын хэсгийнхэн нэгтгэх учраас 30 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын эдийн засгийг гажуудуулж байгаа ч анхааралд өртдөггүй асуудал бол татаас. Үүнээс болж эдийн засагт төрийн оролцох хүрээ, хязгаар нэмэгдэж байна. Хүүхдийн мөнгийг оруулахгүй тооцвол 590 тэрбум төгрөг халамжид зарцуулж, татаасын хэмжээ нь 985 тэрбумд хүрлээ. Татаасыг тэгш бус, замбараагүй олгож ирсэн” гээд энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьж буйгаа онцолсон юм.
Бэлтгэсэн У.Наран