УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын парламентын дээд танхим Сенатын дарга Жорж Ж.Фюри албан ёсны айлчлал хийж буй. Парламентын дарга нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, өргөн хүрээтэй түншлэлийн хүрээнд хөгжиж буйг хэлэлцээний үеэр талууд тэмдэглэв. Канад Улс нь Монгол Улсын чухал, гуравдагч хөрш гэдгийг УИХ-ын дарга онцлоод, Сенатын дарга Ж.Фюригийн айлчлал нь хоёр талын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг урагшлуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Канад нь манай хамгийн том хөрөнгө оруулагч орон болохыг дурдаад, дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд хөгжлийн томоохон төсөл эхлүүлж, хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тэрбээр манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр суурьтай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбарын харилцааг солонгоруулах сонирхолтой буйгаа илэрхийллээ. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар Монголын сүлжмэл барааны импортын гаалийн татварыг бууруулах боломжийг судалж үзэхийг хүсээд, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа сайжруулахыг зорьж байгаагаа хэлсэн юм.
Түүнчлэн боловсрол, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэдийн зорчих визийг хөнгөвчлөх боломжийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Сенатын дарга Жорж Ж.Фюри сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа, тэр дундаа оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв. Тэрбээр багшаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Сенатын дарга Жорж Ж.Фюри Монгол Улс далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог, амаргүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буй туршлагыг бахдан, сайшааж буйгаа онцоллоо. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд бодит ажлуудаар идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Үүнд хүрэхийн тулд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа дурдав.
Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны замын зураглалын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгт санал нэгджээ. Талууд 2023 онд тохиох Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа ч дурдлаа. Ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалт хийж, хэрэгжүүлэхээр тохиролцcон юм.
Бэлтгэсэн Б.Уран