Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны улсын төсвийн төслийг танилцуулж, УИХ эхний хэлэлцүүлгийг нь хийлээ. Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслийг үр ашигтай дуусгах томоохон зорилт дэвшүүлснээ Засгийн газрын тэргүүн зарлав. Ирэх оны төсвийг ийм байдлаар хэрэгжүүлбэл өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм байна.
Ингэхдээ Ерөнхий сайд “Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ. Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан реформын чухал эхлэл цэг юм” хэмээн онцолсон. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, гал унтраах байдлаар аргацааж, он дамжин шилжих төслүүдийн урсгал зардал дарамт үүсгэдэг байсан тогтолцоог халахаа ч Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засаг, хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөн, Сангийн яам санхүүжүүлэх маягаар тогтолцооны реформ хийхээр төлөвлөжээ. Ер нь зураг төсөв, тооцоо, судалгаагүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй юм байна.
Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг аймгуудаар харвал бүгдийг нь тэгшитгэн хуваадаггүй. Тодорхой хэлбэл, Хэнтий аймагт харьцангуй их төсөв “тавьдаг”. Тиймээс ч энэ нь анх удаа шүүмжлэл дагуулж буй сэдэв биш. Гэхдээ үеийн үед ийм байсан уу гэвэл үгүй. Ер нь хувь хүн, тодорхой улстөрчийн нөлөөгөөр аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт нь нэмэгддэг гэх яриа шинэ бөгөөд оргүй зүйл биш. Тухайлбал, жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд болон уг төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч хоёрт бараг бүх гишүүн “хайр” зарладаг нь нууц биш. Юутай ч сүүлийн гурван жилд Хэнтий аймгийн төсөв ийм болчихсон юм. Тэгж яривал 2012 оны сонгуулиар УИХ-д олонх болсон АН-ын парламент дахь бүлгийг удирдаж байсан нөлөөгөө ашиглан Б.Гарамгайбаатар улайм цайм лоббидож, “Их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн сонгуулийн мандатыг нэмэх ёстой” гэсээр байгаад гурав болгосон юм даг. Аливаа улстөрч, бүлэглэл намынхаа удирдлагад ойр, нөлөөгөө ашиглан, магадгүй мөнгө, бусад хүчин зүйлийн тусламжтайгаар мандатын тоог тогтоож ирсэнтэй агаар нэг үйл явц төсвийн хөрөнгө оруулалтаас тод харагдаад байгаа нь энэ.
Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар тэргүүлж, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үеэс л Хэнтийн хөрөнгө оруулалт суга өсчихсөн хэрэг. Тодруулбал, 2020 оны улсын төсвөөс тус аймагт 68.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөнтэй харьцуулбал 2021 онд 125.9 тэрбум болж бараг хоёр дахин нэмэгдэж байлаа. Хэнтийд өндөр төсөв хуваариллаа гэж тухайн үед хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцэд ч хандсан удаатай. УИХ-ын ээлжит сонгууль болох жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дүн өсдөг жишгийг давсан нь эрхгүй анхаарал татаж байсан юм. Хэдийгээр жил жилийн улсын төсвийн төслийг Сангийн яамныхан боловсруулж, сайд нь, бас танхим нь УИХ-ын өмнө хамгаалж, тайлбарладаг ч Засгийн газрын тэргүүн хийгээд гүйцэтгэх засаглалын хамаг ажлыг “баздаг” Хэрэг эрхлэх газрын дарга нь Хэнтий аймгийнх, тэндээс парламентад сонгогдсон тул тойргийнхоо иргэдэд давуу байдал үзүүлж, бусдадаа тэгш хандаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээ тэрбээр хэлж байлаа. Харин дараа жил нь буюу 2022 оны төсөвт 214.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан нь өмнөх оныхоос бараг л хоёр дахин нэмэгдсэн дүн юм. Ингээд энэ удаа 2023 оныхыг 270.7 тэрбум төгрөгөөр тусгачихаж.
Сүүлийн гурван жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хэнтийг гүйцэх аймаг гарсангүй. Урд нь Улаанбаатар л байна. Хүн амынх нь тэн хагас төвлөрсөн нийслэл хотод ирэх жил 809 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 78 мянга орчим хүн амтай Хэнтийд хуваарилсан хөрөнгө оруулалтыг хамгийн бага буюу 11.4 тэрбум төгрөг тавиулсан Говьсүмбэртэй харьцуулбал 23.7 дахин өндөр аж. 84 мянган хүн амтай Увс аймаг 44.2, 83 мянган хүн амтай Дорнод 92.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар байгаа нь ч Хэнтийгээс хол зөрүүтэй байна. Ингээд харвал нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалтын дүнгээр Хэнтий аймаг Улаанбаатараас ч, улсын дунджаас ч өндөр буюу хамгийн дээд талд нь жагсаж буй.
Хэнтий шиг огцом нэмэгдээгүй ч Төв, Архангай, Булган зэрэг аймгийн төсвийн хөрөнгө оруулалт гурван жил тасралтгүй өссөн бол Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Баянхонгорынх буурчээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн төсвийн хөрөнгө оруулалт 2022, 2023 онд огцом багассан байна. Эргэн санавал, 2021 оны төсвийг батлах үеэр хөрөнгө оруулалтын хэмжээ нь огцом нэмэгдсэн тус аймгийг нэлээд шүүмжилж байсан юм. 2021 онд тус аймагт 124.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр төлөвлөсөн нь өмнөх оныхыг 31.7 тэрбумаар баталсантай харьцуулбал бараг дөрөв дахин өссөн дүн болж байлаа. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Баянхонгорынх учраас төсвөө нэмүүллээ хэмээн шүүмжилж байсан юм.
“Том” албан тушаалтнуудтай тойргийн сонгуулийн жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг тойрч ярихгүй байхын арга алга. Энэ хэвээр нь баталбал “тойрог шүтэхгүй” гэсэн Ерөнхий сайдын үг, бодлого юу болж хувирах вэ. Хуваарилалт нь шударга бус, хэн нэгэн дарга, сайдын хаялга л хамгийн чухал хүчин зүйл болж ирсэн энэ жишгийг ингээд л үргэлжлүүлээд байх уу. Ийм байхад улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлого урагшлах уу. Жалга дов тойрсон улстөржилт хумигдах уу. Хүн амын тал нь суурьшсан, тэр хэмжээгээр асуудлууд овоорсон нийслэлийг төлөөлөх түшээд аймгуудаас сонгогдсон хүмүүсийн өмнө хүчин мөхөстөж буйгаар үл барам хөдөөд ч хэн нөлөөтэй байх вэ гэсэн зиндаархал хэдийн бий болчихсон нь энэ биш гэж үү.
Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох бодлогыг Засгийн газар баримталж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүн нь нэмэгдэж буй гэх тайлбар хэлдэг. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн төсөл танилцуулахдаа мэдэгдэж, “Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гурав дахь том салбар” хэмээнэ лээ. Эл бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, дэлхийд улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарч, стандартыг нь эрс шинэчлэхээ онцолсон юм. Ирэх онд Хэнтий аймагт авто замын ажлуудыг дуусгах, дулааны цахилгаан станц барих, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, бохир усны коллекторын шугамыг шинэчлэх, үерийн хамгаалалтын байгууламж барих гэх мэт дэд бүтцийн, өндөр төсөв бүхий, томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Мөн Жаргалтхаан сумын V багийн 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлд нэг, Батноров сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, урлагийн зааланд 1.8, Бэрх тосгоны 640 хүүхдийн, олон улсын стандартын сургуулийн барилгад 2.89 төгрөг зарцуулахаар заасан байна. Түүнчлэн Биндэр сумын “Их хуралдай” цогцолборын барилгын зоорь, гадна тохижилт, шугам сүлжээнд 2.47, Дэлгэрхаан сумд энэ онд эхлүүлсэн “Монголын нууц товчоо” цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээний ажилд 5.1 тэрбум зарцуулж, Цэнхэрмандал сумын 300 суудалтай соёлын төвийн 2.9 тэрбум төгрөгийн өртгөөс 509 сая төгрөгийг төсвөөс олгох гэх зэргээр тусгажээ.