УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2023 оны төсөвтэй холбоотой санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр "2018-2020 оны хооронд Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 44,1 хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан гэх аудитын дүгнэлт гарсан юм билээ. Үүнээс харахад бид гадаадаас зээл аваад төсвийн алдагдлыг л нөхөөд байна гэсэн үг. 44 хувиар төсвийн алдагдал нөхнө гэдэг бол маш аюултай нөхцөл байдалд орж байна.
Мөн энэ жил 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах гэж байна. Тиймээс энэ төсвийн алдагдлыг нөхөөд, ганц удаа алдагдалгүй төсөв баталъя. Өөрөөр хэлбэл, Монголын гадаадын өрийг 600 сая ам.доллароор нэмэгдүүлэх эрсдэлтэй төсөв батлах гэж буй. Улсад ашиггүй зарлагыг танаад өгөөчээ гэж олон удаа шаардаж, гуйж байгаа.
Энэ жилийн төсвийн нөөцийг санхүүжүүлэхэд валютын нөөц хүрэхгүй гэж шинжээч нар хэлсэн. Яагаад эдгээр мэдлэгтэй, улс орноо гэсэн хүмүүсийнхээ үгийг тоохгүй байгаа юм бэ. Тиймээс хоёр асуулт тавья. Нэгдүгээрт, 44 хувийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан нь үнэн үү. Хоёрдугаарт 1,5 их наядын алдагдлаа хаагаад алдагдалгүй төсөв баталж болохгүй юу" гэх асуултыг тавилаа.
Уг асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр,"Цаашид бид эдийн засгийн хүндрэлд орохгүй байх нь чухал. 2022 оны төсвөөс 850 тэрбум төгрөгийн алдагдлаа бууруулж орж ирж байгаа. 2024 оны түвшинг нэг жилээр наашлуулсан. Төсөв гэдэг төрийн үйлчилгээг санхүүжүүлдэг үндсэн үүрэгтэй. Мөн төсвийн алдагдлыг нөхөөд алдагдалгүй төсөв батлах боломж байвал баталмаар байна" гэх тайлбар мэдээллийг өглөө.