Эрх баригчдад хяналт тавих сүүдрийн парламент байгуулж буй талаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өчигдөр мэдээлэл хийлээ. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 нам үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрийг нэгдэж эрх баригч МАН-ын үйл ажиллагаанд хяналт тавихыг тэд уриалав. АН-ын дарга С.Эрдэнэ “Манай нам МҮАН хоёр нэгдэж, улс төрийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг даван туулах нь чухал. АН-ын үүд хаалга үргэлж нээлттэй. Нийт сонгогчийн 50 гаруй хувийн саналыг авсан улс төрийн намууд нэгдэх хэрэгтэй. Бид цаашдаа хамтарч, улам их ажиллах болно. Эдийн засаг, нийгмийн эгзэгтэй үед дуугүй суух эрх бидэнд үгүй” гэлээ. Тус намын Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит хуралдааны нээлтийг энэ сарын 13-нд эхлүүлэх аж.
Гишүүн Д.Ганбат өөрийгөө УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга хэвээрээ гэж үзэж буй учраас АН-ын бүлгээс ҮАБЗ-д албан бичиг илгээснээ тодотгов. Тэрбээр “Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч 2023 оны улсын төсөв нөгөө л сайд, дарга нарыг тэжээх эх үүсвэр болох нь. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газарт тавих хяналтаа УИХ алдсан. Цаашдаа ч парламент хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхгүй нь. Монголын ардчиллын үнэт зүйл нь Үндсэн хууль юм” хэмээв.
Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүн Д.Ганбатад сануулга өгсөн юм. Тэрбээр АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилсныг эсэргүүцэж буйгаа хуралдааны үеэр удаа дараа илэрхийлж байгаа бөгөөд парламент хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан гэж УИХ-ын удирдлага үзжээ. Өмнө нь ч тэрбээр ийм сануулга хүртэж байв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар дэг зөрчсөн гишүүдэд эхлээд сануулах, дараа нь хуралдаанд үг хэлэх эрхийг хасах, эцэст нь танхимыг орхин гарахыг үүрэг болгож, оролцох эрхийг нь хасдаг билээ.