Стандартчилал, техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, хяналт чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан байдаг. Гэсэн ч энэ салбарын хяналт орхигдсоноос стандарт, техникийн зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байна. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх асуудлыг судалж, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. Мөн стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхээр болов. Түүнчлэн тохирлын үнэлгээний байгууллага бий болгох, хөгжүүлэхийг бодлогоор дэмжих, Стандарт, хэмжил зүйн газрын чиг үүргийг оновчтой зохион байгуулах, хэмжлийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, нарийвчлалын түвшнийг олон улсын жишгийн дагуу шинэчлэн сайжруулахыг холбогдох хүмүүст даалгасан байна. Мөн Хилийн боомтын захиргааны орон тоо, чиг үүргийг баталлаа. Хилийн боомтын захиргаа нь Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн бүтэцтэй байна. Тус захиргаа нь ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэгтэй ажиллана. Мөн боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах аж.