Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд 6.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 1061 төсөл, арга хэмжээг 2.7 их наядаар санхүүжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд 2.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийн, үлдсэнийг нь 2024 онд олгоно гэсэн үг. Энэ удаагийн төсвийн төсөлд дөрөвхөн шинэ хөрөнгө оруулалт тусгаснаараа онцлог болж байна. Тэгэхээр бараг шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй гэсэн үг юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд автобусны парк шинэчлэл хийхэд 318 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн автопарк байгуулахад 21.7 тэрбумыг тусгаад буй юм. Худалдаж авсан автобуснуудаа зогсоох автопарк нэмж байгуулах хэрэг. Үүнээс гадна хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад зориулж, 80, улсын чанартай буюу Өвөрхангай аймгийн авто замын их засварыг хийх 35.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрийн төсөв нь нийт 450 орчим тэрбум төгрөг болж байгаа учраас том зардал гэж үзэж болно.
Сангийн сайд Б.Жавхлан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр өмнө нь эхлүүлсэн төсөл, арга хэмжээг 2023-2024 он дуусгах бодлого баримталж байгаа. Өмнө эхлүүлсэн төсөл, арга хэмжээнүүдээ дуусгахгүй бол бараа, материалын үнэ өссөн учраас төсөвт дарамт болох хандлагатай байна” гэсэн юм. Барилгын материалын үнэ өнгөрсөн онд огцом өссөн. Үүнээс шалтгаалан бүтээн байгуулалтын зарим төсөлд нэмэлт санхүүжилт олгох шаардлагатай болжээ. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан өртөг нь нэмэгдсэн төслүүдэд 303 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр 80 сургууль, 63 цэцэрлэг, 53 авто зам, 47 соёлын төвийн барилга, 35 дэд бүтэц, 24 спортын байгууламж, 12 эрчим хүчний байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах нөхцөл бүрдүүлсэн аж.
Үнийн өсөлтөд өртсөн төслүүдийн 45 хувийг 2020 онд төсөвт тусгаж, барилга угсралтын ажлыг нь эхлүүлжээ. Өртгийн зөрүүг олгосноор бараа, материалын үнийн өсөлтөд өртсөн нийт 636 төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан хувийн хэвшлийн 476 компани, тэдний 800 тусган гүйцэтгэгчийн 28 мянган хүний ажлын байрыг хадгалж үлдсэн гэж Сангийн яамныхан үзэж буй. Мөн тэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа нийт төсөл, арга хэмжээний 46 хувь нь үнийн өсөлтөд өртсөн гэсэн тооцоолол гаргажээ.
Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс гадна хувийн хэвшлийн хөрөнгөөр концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн ажлын төлбөрийг Засгийн газар хийж буй. Ирэх онд “барих-шилжүүлэх” концессын төлбөрт 279.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх нь. Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэлээс Сонгино сум хүртэлх 167 км хатуу хучилттай авто замын концессын төлбөрт 96.1, Сэлэнгэ аймгийн Сантаас Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замынхад 15, Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөлд 77.1, Өмнөговь аймгийг нийслэлтэй холбосон 59.6 км авто замын төлбөрт 91.2 тэрбум төгрөг олгох нь. Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж буй төслүүдийн нийт төсөвт өртөг 541.5 тэрбум төгрөг аж. Үлдсэнийг нь 2024 онд төлж барагдуулах гэнэ. Засгийн газраас концессын “барих-шилжүүлэх” төрлөөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх бодлого баримталж буй. Тэгэхээр 2025 оноос хойш төсвийн хөрөнгөөс ийм төрлийн санхүүжилт хийхгүй гэсэн үг.
Нийт 38 субъект төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирдаг. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шинэ төсөл, аргаа хэмжээ төлөвлөөгүйг дээр дурдсан. Тиймээс тэдгээрийн 20 нь л төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм байна. Тэд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд ирэх жил хэдэн төгрөг зарцуулахыг сонирхъё. Монгол Улсын Шадар сайд 7.54, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд 3.19, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 20.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 18.46, Батлан хамгаалахын сайд 11.86, Сангийн сайд 356.76 тэрбум төгрөгөөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалтад 232 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь Сангийн сайдын хийх санхүүжилтийн хэмжээг өмнөх жилүүдийнхээс огцом өсгөжээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд 40.55, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 36.22, Барилга, хот байгуулалтын сайд 385.42, Боловсрол, шинжлэх ухааны сайд 507.35, Соёлын сайд 136.7, Зам, тээврийн хөгжлийн сайд 420.06, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 56.72 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Эрчим хүчний сайд 118.88, Эрүүл мэндийн сайд 166.77, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 20.62, Улсын ерөнхий прокурор 13.09, Санхүүгийн зохицуулах хорооны дарга 0.45, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга 41.49, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 339.74 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх аж. Өмнөх жишгээр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгө оруулалтын багц бусдаас илүү байна. Олон сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын барилга барьж байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны сайдын хөрөнгө оруулалтын багц их байдаг. Мөн хот дотор болон суурин газруудыг холбосон хатуу хүчилттай авто зам тавьж байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгө оруулалтын багц их байдаг билээ.
Төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 51.9 хувийг орон нутагт, 30.1 хувийг нь нийслэлд, 18 хувийг нь улсын хэмжээнд хэрэгжүүүлэх аж. Хөрөнгө оруулалтын 34.3 хувь нь нийгмийн хөгжлийг дэмжих боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ногдож байгаа гэнэ. Тэгвэл 49.3 хувийг нь эдийн засгийн хөгжлийг дэмжих авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээнд зарцуулах юм байна. Харин 16.4 хувийг нь төрийн захиргаа болон аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт зориулах нь.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 онд хийх ажилд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас өнгөрсөн жил гэхэд 5.9 их наяд төгрөгийг нь олгож, давхардсан тоогоор улсын хэмжээнд 6232 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 1.6 их наяд төгрөгийн өртөгтэй 1376 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 оноос хойш санхүүжүүлж эхэлсэн ч ашиглалтад оруулаагүй хэдэн хэдэн барилга байдаг. 2010-2016 онд хэрэгжүүлж эхэлсэн 11 төслийг өдий хүртэл ашиглалтад оруулаагүй байгаа гэнэ. Эдгээр төслүүдийг яаралтай хэрэгжүүлж, ашиглалтад оруулах бодлого баримталж буйгаа Сангийн яамныхан дуулгасан. Төсвийн хөрөнгө оруулалт эдийн засгийн идэвхжил, өсөлтөд ихээхэн оролцоотой байдаг. Хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагч хэдэн төгрөгийн хөрөнгө зарцуулахыг ийнхүү бэсрэг тоймлов.