АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески томилолтын хугацаагаа дуусгаад, өнгөрсөн долоо хоногт нутаг буцжээ. Түүний оронд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Ричард Ли Буанган Төрийн департаментад тангаргаа өргөжээ. Уг арга хэмжээнд АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй манай албаныхан оролцсон байна.
Тангараг өргөх ёслолыг нээж үг хэлсэн, Төрийн департаментын Солонгос, Монголын хэлтсийн дарга С.Уокер тус арга хэмжээг Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Шерман удирдаж байгаа нь АНУ-ын зүгээс Монгол Улс, Америктай тогтоосон харилцаанд нь өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл болохыг тэмдэглэжээ. Мөн ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг үнэт зүйлсээ манай улстай хуваалцдаг хэмээн онцолжээ. Мөн Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Шерман “Шаргуу хөдөлмөр, дипломат ур чадвар, найрсаг харилцаагаар өөрийгөө батлан харуулсан тэрбээр гуравдагч хөршийн бахархалт харилцааг илүү бэхжүүлэх нь лавтай” гэв. Харин Элчин сайд Р.Буанган Монгол, Америкийн харилцааг бодит ажил, арга хэмжээгээр өргөжүүлэхээ илэрхийлсэн байна.
Р.Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, сайд-зөвлөх зэрэгтэй, Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж байгаад уг албанд томилогджээ.
Бэлтгэсэн Б.Уран