Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг болгон 100 сая ам.долларын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн сард шилжүүлэхээр тохиролцсоныг Сангийн сайд Б.Жавхлан дуулгаж байв. Эл зээлийн санхүүжилтийг манай талд шилжүүлснээр Монгол Улсын гадаад валютын нөөц 100 сая ам.доллароор нэмэгдээд байна. Тодруулбал, манай улсын гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцэст 2.69 тэрбум ам.доллартой дүйж байв. Тэгвэл одоо 2.79 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эцэст 4.89 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байлаа. Улсын төлбөрийн тэнцэл алдагдал ихэссэний улмаас зах зээлд ам.долларын нийлүүлэлт хийн, гадаад валютын нөөц үлэмж хэмжээгээр буурсан юм. Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудаас энэ онд багтаан дахин 200 сая ам.доллар зээлэхээр төлөвлөж буй. Мөн банкууд гадаадаас 350 сая ам.долларын санхүүжилт татахаар зэхсэн. Тиймээс Засгийн газар болон банкуудын зээлийн санхүүжилтээр гадаад валютын нөөц энэ онд 650 сая ам.доллароор нэмэгдэнэ гэж тооцож байна.