Чингэлтэй, Баянгол дүүрэг дэх худалдааны төвд бэлэн хувцас, гутал борлуулдаг Б.Ганширнэн “Урд хөршөөс бүх төрлийн бэлэн хувцас, гутал авчирч борлуулаад 10 гаруй жил болсон. Худалдааны хоёр төвд, гурван лангуу түрээслэн гурван хүн цалинжуулж байлаа. Гэтэл цар тахлын улмаас бизнес доголдсоор өдгөө нэг лангуугаа хааж, хоёр худалдагчаа ажлаас гарган, өөрөө ажиллаж байна. Учир нь хүмүүсийн худалдан авах чадвар муудахын зэрэгцээ валютын ханш, тээврийн зардал нэмэгдсэн нь нэрмээс болсон. Энгийн загвартай, эрэгтэй хүний ноосон цамцыг манайх дунджаар 50 000, эмэгтэй хүний өвлийн гутлыг 200 000 төгрөгөөр зардаг байлаа. Тэгвэл сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тухайн барааны үйлдвэрийн үнэ нэмэгдээгүй ч зардал, юанийн ханш өссөөр өдгөө цамц 100 000, гутал 400 000 орчимд хүрсэн. Иймээс бараа зарах хэцүү байна” гэсэн юм.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехийн эзэн Б.Чимэг “Манайх тогтмол зургаа, захиалга ихтэй үед 8-10 хүн ажиллуулан хувцас, дээл оёдог байсан. Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл сүүлийн хоёр жилд захиалга цөөрч, мөн ажлын байрны түрээс өссөнөөс өнгөрсөн долдугаар сард оёдлын цехээ хаасан. Дүүрэгтээ байрлалтай, 150 орчим ам метр ажлын байрыг сард гурван сая төгрөгөөр түрээсэлж байтал өнгөрсөн тавдугаар сараас өсгөн, таван саяд хүргэсэн. Нэмж хэлэхэд, би цехээ хаагаад нэр хүнд бүхий оёдлын үйлдвэрт ажилд ороход татварын дараах дүнгээр нэг сая хүрэхтэй, үгүйтэй цалин авч байна. Сая төгрөг хүрэхгүй цалингаар хэрхэн амьдрах билээ” хэмээн ярилаа.
Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” зах руу явах зам дагуу байрладаг жижгэвтэр зоогийн газар хаалгаа барьжээ. 10 орчим хүн ажиллан, үйл ажиллагаагаа жигдрүүлсэн ч дампуурсан юм байна. Учир нь хүнсний сүлжээ дэлгүүр, кофе шоп тэр хавьд цөөнгүй нээгдсэн, мөн иргэдийн худалдан авах чадвар багассанаас шалтгаалсан аж. Зоогийн газрыг ажиллуулж байсан Ч.Ганзүг “Хоол хийхэд шаардлагатай бүх төрлийн материалын үнэ жил ирэх бүр нэмэгдсээр байна. Инфляц жилд 14 орчим хувьтай гарлаа гэж буй ч үнэндээ цагаан будаа, ургамлын тос, давс, хоол амтлагч, нарийн болон нөөшилсөн ногоо, загас зэргийн үнэ хоёр жилд 2-3 дахин өссөн. Гэтэл жижиг зоогийн газарт нэг аяга хоолыг дунджаар 15 000 төгрөгөөр авч идэх чадвартай хүн хэр олон билээ. Нэмээд ажилчдын цалин, бусад зардлаас “өндийхгүй” байсаар хаалгаа барилаа. Мөн гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал зэргээ борлуулахаар зар тавиад бараг хагас жил болсон ч авах хүн алга даа” гэж өгүүлэв.
Цар тахлын үед хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, иргэд ч гэрээсээ гарахгүй байхыг чухалчилснаар хүргэлтийн үйлчилгээ дэлгэрсэн. Тэгвэл хүргэлтийн үйлчилгээний эрх авч, үйлчилгээ үзүүлж байсан зарим компани үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ тухайд “Send it” компанийн захирал асан Б.Тунгалаг “Хүргэлтийн үйлчилгээ эрхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрөл авч, татварын албанд бүртгүүлж, хураамж төлж багагүй зардал гаргасан. Гэтэл өдгөө бараа, бүтээгдэхүүн хүргүүлээд, тогтмол харилцаад байх байгууллагагүй боллоо. Тиймээс үйл ажиллагаагаа зогсоосон, дүүргийнхээ Татварын албанд өнгөрсөн долоон улирал дараалан X тайлан илгээсэн. Үйлчилгээ эрхэлсэн ч бид зардлаа хассан дүнгээр ашиг олоогүй учраас татвар төлөх нөхцөл бүрдээгүй, одоо бүр үүдээ барилаа” хэмээн халаглав.
Хэдийгээр цар тахлын давлагаа намдан, зарим бизнес эрхлэгчийн ажил жигдэрч, үйлчилгээний байгууллагууд цагийн хязгаарлалтгүй ажиллаж буй ч цайны газар, кофе шоп, хүргэлтийн үйлчилгээ, онлайн болон бэлэн хувцасны дэлгүүр, лангуу зэргийн үйл ажиллагаа доголдсон, зарим салбараа хаасан, ажилчдаа цөөрүүлсэн жишээг дурдвал маш олон байна. Иргэдийн худалдан авах чадвар муудсан, валютын ханш өссөн, тээврийн зардал нэмэгдэхийн зэрэгцээ тээвэр ложистикт саатал гарсантай энэ нь холбоотой аж. Энэ талаарх судалгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргажээ. Тухайлбал, тус танхимаас саяхан гаргасан, цар тахлын дараах бизнес эрхлэлтийн нөхцөл байдлын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн тавны нэг нь үйл ажиллагаа нь доголдсон гэжээ. Тэд хэвийн ажиллахад материал, түүхий эд, бусад зардал өссөн, иргэдийн худалдан авах чадвар муудсан, тээвэр ложистикт хүндрэл учирсан зэрэг нь нөлөөлж буйг дурдсан байна. Ялангуяа үйлчилгээний зарим байгууллага, тээвэр, гадаад болон дотоод худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилгын салбарынхан дунд “сэргэж чадаагүй” аж ахуйн нэгж илүү олон байгаа бөгөөд тэдгээрийн 38 хувь нь цар тахлын өмнөх үеийнхтэй ойролцоо түвшинд ажиллахын тулд хилийн боомтын асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэсэн бол 26 хувь нь хөнгөлөлттэй зээл, тусламж авах хүсэлтэй байгаагаа дурджээ. Харин 25 орчим хувь нь үйлчлүүлэгчдээ нэмэхэд анхаарах шаардлагатай хэмээн үзэж буйгаа хариулсан байна. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүний ханш нэмэгдсэнээр ашигт ажиллагаанд нь хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад бизнес эрхлэгчдийн 96 хувь нь сөрөг нөлөө үзүүлж, үнийн өсөлт бизнесийн ашгийг нь дунджаар 52 хувиар бууруулсан гэжээ. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Цар тахлын улмаас зогсонги байдалд орсон бизнесүүд сэргэж эхэлсэн ч олигтой ахиц алга. Тодруулбал, үнийн өсөлт, тээвэр ложистикийн хүндрэл, төгрөгийн ханшийн уналт зэргээс шалтгаалж бизнесүүд сэргэхгүй байж, зарим нь үүд хаалгаа барихад хүрснийг судалгаанаас харж болохоор байна. Татварын тайлангаас харахад, 2019 оны байдлаар 112.8 мянган аж ахуйн нэгж татварын тайлан илгээсний 44.1 хувь нь ямар нэг орлого, зарлага хийгээгүй буюу үйл ажиллагаа явуулаагүйгээ илэрхийлж, Х тайлан илгээсэн. Тэгвэл 2021 оны байдлаар тайлан илгээгч аж ахуйн нэгжийн тоо 145 300 болж, 2019 оноос 28.8 хувь өссөн ч Х тайлан илгээгчийн тоо 72.9 мянгад хүрч, хоёр жилд 46.6 хувь өсжээ. 2020, 2021 онд Татварын тайлан илгээсэн нийт аж ахуйн нэгжийн 50 хувь нь үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн нь татварын албанд бүртгэлтэй хоёр компанийн нэгнийх нь үйл ажиллагаа доголдсон гэсэн үг” гэлээ.
Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, улс орны эдийн засаг дахь эерэг нөлөөг ахиулахын тулд юу хийхээр төлөвлөж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас тодруулахад Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох, импортын зарим барааны татварын хувь хэмжээг бууруулсан зэрэг арга хэмжээ авч буйг дурдлаа. Түүнчлэн гадаад орчны нөлөө буюу дотоодоос шалтгаалахгүй үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсэн, улмаар аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэсэн юм. Цаашид хилийн боомтын тээвэр ложистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх талаар холбогдох байгууллагуудтай нь зөвшилцөн, шийдэлд хүрэхийг эрмэлзэж буйгаа илэрхийллээ. Мөн мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэн, шаардлагатай салбарыг хүний нөөцөөр хангахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь нэн чухал байгааг дээрх яамнаас дурдсан юм. Тэгвэл МҮХАҮТ-аас дээр дурдсан судалгааны дүндээ үндэслэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах нээлттэй бодлого хэрэгжүүлж, цогц арга хэмжээ авах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг яаралтай батлах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжихийг уриалж, зөвлөмж гаргажээ. Мөн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор экспортлогчдод санхүүжилт олгох, экспортын даатгалын тогтолцоо бүрдүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрах хүрээг өргөжүүлэн, бүх аж ахуйн нэгж, иргэн жигд таван хувийн татвар төлөх тогтолцоо бүрдүүлэх, бизнесийн зээлийн үүсвэрийг нэмэгдүүлэх талаар хойшлуулшгүй арга хэмжээ авахыг уриалж, зөвлөмж гаргасан байна.