Манай улс энэ жил 588 000 орчим га талбайд тариалалт хийсэн. Үүнээс урьдчилсан балансаар улаан буудай 440 000, төмс, хүнсний ногоо 350 000, тэжээл болон тосны ургамал 160 000 орчим тонныг хураан авахаар төлөвлөж буй. Тэгвэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд улаан буудайн хураалт 40, төмс, хүнсний ногоо болон бусад таримлынх 70 хувьд хүрснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Тодруулбал, тус газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Ургац хураалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд цаг агаарын хэм буурч, зарим нутгаар цас орсон ч газар тариалангийн бүсэд нөхцөл байдал муудаагүй байна. Орон нутаг, аж ахуйн нэгжүүдээс ургац хураалтын ажил, ургацын чанар болон хэмжээнд ноцтой эрсдэл учирсан тухай мэдээлэл ирүүлээгүй” гэв.