УИХ-ын намрын ээлжит чуулганыг өчигдөр 85.5 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, парламентаас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нар оролцов. Энэ үеэр Эзэн Чингис хааны эш хөргийг чуулганы нэгдсэн хуралдааны танхимд залж, хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг нэг мөр засаж, залруулан, улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулганаар илүү төвлөрч ажиллах шаардлагатайг онцлов. Мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлэхийг уриаллаа.
Түүнчлэн эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын хүрээнд таван цогц ажил хэрэгжүүлэхдээ төсвийн, орлогын болон зарлагын реформ хийж, эрчимжүүлэн, “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв. Ингэхдээ “Төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэх эрх зүйн орчин, боломж бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөх замаар алдагдлыг бууруулна. Барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжид “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө, зээлийн бодлого боловсруулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд эх оронч худалдан авалт хийхэд төрийн бүх түвшинд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулж, төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна” хэмээлээ. Цаашлаад аж үйлдвэрийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татахын тулд Үндэсний баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр, төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатайг дурдав. Мөн хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг тэмдэглэлээ. Засгийн газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэ механизм бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго аж.
Үүнээс гадна чуулганыхаа завсарлагаар гишүүд 30 хүртэл хоногийн хугацаанд зөвхөн хяналт, шалгалтад төвлөрч ажиллаж болох талаар ч хэлэв. Эцэст нь, олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын орчин эрс хувьсан өөрчлөгдөж буй энэ үед төрийн түшээд, улс төрийн нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, Монгол Улс гадаад харилцаандаа “нэг цонх”-ны бодлогыг тууштай баримтлах ёстой гэв. Мөн төрийн түшээд, албан хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн
албандаа сэтгэл, зүтгэл гарган ажиллахыг санууллаа.
Энэ үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сануулсан самбаруудыг нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд АН-ын бүлгээс байрлуулжээ. Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг биелүүлэхээ больсон гэх Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг тэд онцолжээ.
Нээлтийн дараа АН бүлгийн хуралдаанаа хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Үүний талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл зарим гишүүний хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. АН-ын бүлгийн дарга “Ирэх жилүүдэд Монгол Улсад дундаж давхарга байхгүй болох нь. Зүүний намынхан олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд л ялах зорилгод хөтлөгдсөнөөр ийм байдалд хүрч, улсаараа өрийн хямралд орлоо. Ирэх жилийн төсвийн төсөөллөөс харвал үүн дээр бараг 10 их наяд төгрөгийн өр нэмэгдэхээр байна” гээд цаашид төсвийн төсөлтэй нухацтай танилцахаа хэллээ.
Харин цөөнхийн бүлгийн өмнөх дарга Д.Ганбат чуулганы нээлтийн үеэр гишүүний картаа (ирц бүртгүүлж, санал хураалтад хэрэглэдэг) УИХ-ын даргад өгсөн юм. Тэрбээр “Өнгөрөгч ээлжит бус чуулганаар эрх баригчид манай намын нөхдийг өөрсдийн “хүүхэлдэй” болгон худалдаж авсан. Авлига, албан тушаалын наймаа эндээс эхэлж байна. Үүнийг эсэргүүцэж байгаа учраас картаа өглөө. УИХ хуулиа дээдлэхгүй байна” гэж байлаа.