Лондон хотод байрладаг, олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч “FTSE Russell” групп Монгол Улсыг frontier market (хөгжиж буй зах зээл) ангилалд оруулжээ. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Банкны реформын хэрэгжилт, төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэл зэрэг хөрөнгийн захын хөгжлийн энэхүү чухал шатанд бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, томоохон сангуудаас хөрөнгө татах боломж бүрдэнэ. 2012 онд анх ажиглалтын жагсаалтад орж байснаас хойш 10 жилийн дараа үр дүнд хүрч, зэрэглэлтэй болов” хэмээн тэмдэглэжээ.
Сонирхуулахад, “FTSE Russell” нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлдэг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд ажиглалтын жагсаалтад байлгадаг аж. Эргэн сануулахад, манай улс хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас 2017 онд хасагдаж байсан бол өнгөрсөн жилийн есдүгээр сарын эцэст эргэн багтсан юм.