Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны уулзалт хийв. Тэрбээр Японы Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш”-ийн хувиар стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлд өндөр ач холбогдол өгч, хоёр орны улс төрийн салбар дахь ололт, амжилтыг бататгах, ойлголцлоо гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч, харилцааны итгэмжилсэн байдал гүнзгийрч, бүс нутаг, олон улсын талбар дахь хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа хэлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэхийн төлөө байгааг онцолсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон, Австралийн Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын төсөлд Монгол Улс оролцох хүсэлтэй буйгаа энэ үеэр илэрхийлэв. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Японы агаарын тээврийн компаниуд Монгол руу тогтмол нислэг үйлдэх, манай иргэдийг тус улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярилаа. Мөн Монгол, Японы стратегийн түншлэлийн 2017-2021 оны дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг сайшаав. Улмаар шинээр байгуулах, дараагийн дунд хугацааны хөтөлбөр нь хоёр улсын ирэх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжсан, олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй, ялангуяа эдийн засаг, бизнесийн хувьд харилцан ашигтай байх түншлэлийг бэхжүүлсэн баримт бичиг болохыг онцолсон юм.
Бэлтгэсэн У.Наран