Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг өнгөрсөн мягмар гарагт УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газар төсвийн хумих бодлого баримтлахаар зэхэж буй. Тиймээс төсвийн үзүүлэлтүүд эцэслэн гарсны дараа мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн зорилтуудаа уялдуулан сайжруулах хэрэгтэй байна” гэсэн байр суурь хэлэн, өргөн барих хугацааг нь ирэх даваа гараг хүртэл хойшлуулжээ. Зарим эх сурвалж УИХ-ын дарга Г.Занданшатарыг мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн зорилтуудаа мөнгөний бодлогыг улам хатууруулах чиглэлд өөрчил гэсэн байр суурь илэрхийлсэн гэж мэдээлж буй. Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ удаагийн төсвийн зарлага 20.2 их наяд төгрөгтэй дүйх гэнэ. Түүнчлэн төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг байх төсөл боловсруулжээ. Эдийн засагт төсөв, санхүүгийн зах зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн гурван сувгаар мөнгө нийлүүлдэг. Эдгээрийн урьдчилсан төсөөлөлтэй холбож, мөнгөний бодлогын зорилтуудыг тодорхойлдог билээ. Монголбанк саяхан бодлогын хүүгээ хоёр хувиар нэмэгдүүлэн 12-т хүргэсэн. Сангийн сайд үүнтэй холбогдуулан эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ “Монголбанк бодлогын хүүг хоёр хувиар нэмсэн нь хэтэрхий хатууруулах шийдвэр гаргалаа гэж харсан. Сарын дараагаас хэрэглээний зээл ч хумигдаж эхлэх магадлалтай. Төсвийг хумих бодлого баримталж буй учир Төвбанк арай уян хатан байх хэрэгтэй болов уу” хэмээн хувийн байр сууриа илэрхийлсэн юм.