Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, уул уурхайн чиглэлийн, төрийн өмчит томоохон 10 компанийн өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны байдлаар 6.4 их наяд төгрөгөөс давж, ДНБ-ий 15 хувийг эзэлжээ. Энэ нь 2019-2021 оныхоос 4.3 дахин өссөн дүн болов. Хөгжиж буй орнуудад төрийн өмчит компаниудынх нь өрийн хэмжээ дунджаар долоон хувьтай байгаа бол манайд ийнхүү хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ.
Энэ талаарх мэдээллийг нэгтгэн, тайлан гаргаснаа Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс өчигдөр танилцууллаа. Тус хүрээлэнгээс “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс силвер ресурс”, “Эрдэнэс метан”, “Мон атом”, “Монголросцветмент”, “Шивээ-Овоо”, “Багануур” компанийн шилэн данс, цахим хуудсан дахь мэдээлэл, төсвийн баримт бичгүүд дэх тоо баримтыг ашиглан дээрх судалгааг гаргажээ. Тайланд дурдсанаар хамгийн их өртэй нь “Эрдэнэс Тавантолгой” юм. Тус компанийн өр төлбөр 2021 оны эцсийн байдлаар гурван их наяд төгрөгөөр хэмжигдсэн бөгөөд үүний 900 орчим тэрбумыг нь бүтээгдэхүүн борлуулалтын орлогын урьдчилгаа хэмээн нийлүүлэгч талаасаа авсан байна. Харин “Эрдэнэс Монгол”-ын хувьд нэг их наядын өртэй бөгөөд 930 тэрбум нь тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн хүрээнд бонд гаргасантай холбоотой гэж ойлгож болох нь. Компаниуд Засгийн газраас шууд санхүүжилт авсан тохиолдол ч байна. Тухайлбал, “Шивээ-Овоо” нь сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажилласнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2018 онд 60 тэрбум төгрөг, “Мон атом” нь үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор 2.8 тэрбумыг авсан ч зээлийн нөхцөл нь тодорхойгүй гэнэ.
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь “Төрийн өмчит компанийн өр төлбөр эдийн засагт эерэг, сөрөг аль ч талаар нөлөөлөх боломжтой. Тодруулбал, дэд бүтцийг сайжруулж, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зэргээр хөгжлийг дэмжихэд сайнаар нөлөөлж болно. Нөгөө талаас хэрэглээг дэмжсэн, үр ашиггүй зүйлсэд хөрөнгө зарцуулах, санхүүгийн хэт үрэлгэн байдал нь эцэстээ татварын мөнгөөр төлөгдөх өрийн хэмжээг өсгөн, эдийн засагт хор уршиг тарина. Олон улсад төрийн өмчит компанийнх нь хэрэгжүүлэх төслийн өгөөж Засгийн газрынхаа санхүүгийн зардлаас их байх тохиолдолд зээл авч болдог. Гэтэл манайд хэрэгжүүлж буй төслийн өгөөжийг харгалзаж үздэг, эсэх нь тодорхойгүй. Мөн ихэнх тохиолдолд тухайн компанийн ирээдүйн үйл ажиллагаанд хамааралгүй буюу Засгийн газрын хөтөлбөрт зориулж зээл авдаг, төслийн санхүүжилтийн талаарх мэдээлэл тодорхойгүй зэрэг дутагдал олон” хэмээн ярив.
Төрийн өмчит компаниудын өр төлбөр ийнхүү нэмэгдсээр байгаа засаглалын чадамж муу, хяналт сул байгаатай холбоотой. Тодруулбал, дээр дурдсан компаниудын дийлэнх нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй, эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлтэй ч бүтэц бүрэлдэхүүнийх нь талаар мэдээлэл, дүрэм нь нээлттэй бус байгааг тайланд дурджээ. Төлөөлөн удирдах зөвлөлгүй учраас аудитын хороогүй, дотоод хяналтын бүтцийнх талаарх нь мэдээлэл байхгүй зэрэг ноцтой дутагдал байгаа юм.
Төрийн өмчит компаниудын өр төлбөрөөс үүдэлтэйгээр эдийн засгийн нөхцөл доройтох, төсвийн хямрал нүүрлэхээс сэргийлэхийг анхааруулах, компаниудын мэдээлэлд дүгнэлт хийх зорилгоор дээрх тайланг бэлтгэжээ. Тайланд хавсарган Засгийн газар, УУХҮЯ, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандан зөвлөмж гаргасан байна. Үүнд компаниудын өрийн хэмжээ, нэрлэсэн валют, хугацаа, хүү зэргийг дэлгэрэнгүй байдлаар нэгтгэн, нийтэд мэдээлэх хэрэгтэй гэжээ. Түүнчлэн Төр болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хэлбэр хамаарахгүйгээр төрийн өмчийн бүх компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, тэдэнд тавих шалгуур, сонгон шалгаруулалтыг ил тод тайлагнах ёстой гэв. Мөн олон улсын стандартын шаардлага хангасан хөндлөнгийн аудит хийлгэдэг болгох, нэг жилээс дээш хугацаатай зээл хүссэн тохиолдолд Сангийн яамнаас зөвшөөрөл авдаг заалтын хэрэгжилтийг хангуулах, шилэн дансны мэдээллийн санг баяжуулж, сайжруулах, Засгийн газрын өрийн нэгдсэн бүртгэлд төрийн өмчит компанийн өрийг болзошгүй өр төлбөр байдлаар бүртгэх зэрэг асуудлыг хөндөн, зөвлөмж гаргажээ.