Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, түүхий эдийн хомсдолоос шалтгаалан эрчим хүчний шинэ сонголтыг нэвтрүүлэх, сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх хэмжээг нь өсгөх талаар энд, тэндгүй санаачилга өрнүүлж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, гарц шийдэл хайж буй. Одоогоор олон улсад эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлдэг бол манайд дунджаар 10 хувьтай байгааг өчигдөр зохион байгуулсан “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-ы үеэр дурдав. Уг чуулганыг Зүүн хойд Азийн эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, бүс нутгуудад тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь гэсэн ерөнхий, бусад дэд сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж уг арга хэмжээний үеэр “Монгол Улс эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжүүлэх, экспортын зориулалттай эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай дэвшилт технологи нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг эрмэлзэж буй. Манай хороо холбогдох хууль, журмын хүрээнд шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах, үүний дотор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, тэдгээртэй хоршин ажиллах цэнэг хуримтлуурын станц барих тусгай зөвшөөрөл олгох, гарааны үнийг баталгаажуулах, хэрэглэгчийн худалдан авалтаар дэмжих тариф зэргийг тогтоодог. Одоогоор улсын хэмжээнд 281 МВт-ын нийлбэр хүчин чадалтай, дулаан, нар, салхины нийт 15 станц ажиллуулж буй нь суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг олон улсын жишигт нийцүүлэн зохист харьцаагаар хөгжүүлж, системийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хуримтлуурын станцтай болох, системийн ачааллын горимд тохируулан том чадлын УЦС барих, мөн өрсөлдөөний зарчмаар үнэ тарифыг тогтооход анхаарна” гэсэн юм. Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд бага оврын болон байгалийн хий ашигласан ухаалаг, тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, био масс, метан ашиглаглахтай холбоотой төслүүдийг хэрэгжүүлж, шинэ эрчим хүчинд шилжих шаардлага зүй ёсоор үүссэнийг чуулганд оролцогчид тэмдэглэж байлаа.
Дэлхий дахинд 2019 онд 33 орчим тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан тооцоо бий. Харин манай улс мөн оны байдлаар 35 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулсны 50 гаруй хувь нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсжээ. Тиймээс нүүрсний хэрэглээгээ бууруулах, улмаар сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх талаар оролцогчид санал солилцон, асуудал дэвшүүлсэн юм. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр товлон, бэлтгэж буй томоохон нэг төсөл нь Эрдэнбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулах явдал. Ингэснээр баруун бүсийг эрчим хүчний найдвартай, тогтвортой, эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ. Мөн Баянхонгор аймгийн Байдрагийн голд “Усан цогцолбор” усан цахилгаан станц байгуулах боломжтой талаар мэдээллээ. Гэхдээ уг салбарт өндөр чадал бүхий том оврын станцууд ашиглахыг эрмэлзэхийн сацуу өргөн уудам газар нутаг, тархан суурьшсан хэрэглэгчтэйгээ тооцвол бага чадлын, тархмал эх үүсвэрүүдээс цахилгаан үйлдвэрлэн, айл өрх, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь зүйтэй гэдэгтэй олон хүн санал нийлж байв. Энэ талаар “Смарт энержи” компанийн захирал, БНХАУ-ын “Хуажун” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн докторант Э.Баяржаргал “Манай улс нар, салхины арвин нөөцтэй, үүнээс цахилгаан үйлдвэрлэн, Зүүн өмнөд Азид экспортолно хэмээн яриад удлаа. Гэсэн ч амжилт олоогүй л байна. Үүнд цөөнгүй шалтгаан бий. Нэгт, шийдвэр гаргах түвшнийхэн эрчим хүчний ногоон хөгжлийг ахиулахад чиглэсэн тодорхой үр дүнд хүрэх, ахицтай ажил хийхгүй байна. Мөн эл салбарт хөрөнгө оруулахад улам хүндрэлтэй боллоо. Тодруулбал, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой төсөл боловсруулж, ТЭЗҮ-ийг нь гарган, тендер зарлан, компаниудыг шалгаруулах шинэ журамтай болсон. Тендерт оролцогчид бүтээгдэхүүн нийлүүлэх хамгийн доод үнийг санал болгосноор ялах нь. Угаас эрчим хүчний тариф нь зардлаа нөхдөггүй, мөн бусад валюттай уялдуулан суурь үнэ тогтоодоггүй манай орны хувьд эл салбарт хөрөнгө оруулагч бараг орж ирэхгүй гэсэн үг. Бидэнд байгаа хамгийн боломжит хувилбар бол бага оврын үүсгүүрийг түлхүү ашиглах явдал. Айл өрхүүд, албан байгууллагууд өөрсдийн хэрэглээнд тохирсон төхөөрөмжийг судлан, хэрэглэж эхлэх хэрэгтэй. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлээд, хэрэглээнээс нь илүү гарсан цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх журам бий. Мэргэжлийн байгууллагууд ч энэ талаар мэдээлэл түгээн айлууд, албан байгууллагуудыг төхөөрөмжөөр хангах, банкны зээлд хамруулах шаардлагатай. Хэрэв бага чадлын, тархмал эх үүсвэрээс олон хэрэглэгч эрчим хүч гарган, ашигладаг болбол мэдэгдэхүйц ахиц гарна” гэсэн юм. Нэг кВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нарны үүсгүүр дунджаар 3.5 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Дундаж хэрэглээтэй нэг өрх сард 4-5 кВт цахилгаан хэрэглэдэг гэвэл 15 орчим сая төгрөгөөр нарны панел худалдан авч болох нь. Нарнаас гаргасан цахилгаанаа илүүдсэн тохиолдолд төвийн эрчим хүчний системд нийлүүлэх нь айл өрхүүдэд ашигтай төдийгүй улс оронд ч дэм болно гэсэн үг.
Эрчим хүч хэмнэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулан, зардлыг багасгах үр дүнтэй нэг арга. Эрчим хүчээ хэмнэж үр дүнд хүрсэн олон улсын туршлагаас үзэхэд хэмнэлтийг урамшуулах тогтолцоог төр, засгаас нь хэрэгжүүлдгийг чуулганд оролцогчид хөндсөн. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашигладаг аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулж, татварынх нь хэмжээг бууруулдаг аж.
Ийнхүү өчигдөр эрчим хүчний шилжилт, бүс нутгийн зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, цахилгааны худалдаа, үнэ тарифын зохицуулалт, сэргээгдэх эрчим хүч экспортлоход чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар оролцогчид хөндлөө. Мөн нарны эрчим хүчний шинэ технологи, устөрөгчийн шинэ технологи, цэнэг хуримтлуурын талаар мэдээлэл өгсөн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, мөн үүнтэй уялдсан шинэ төрлийн дамжуулах сүлжээ, салбарт нэвтрүүлэх дижитал технологи, эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар илтгэл тавих юм. “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-ыг зохион байгуулснаар харилцан туршлага судлах, дэвшилт технологи нутагшуулах, Монгол Улсад эрчим хүчний системийг хөгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх ач холбогдолтой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагынхан, экспертүүд зэрэг гадаад, дотоодын 500 орчим зочин, төлөөлөгч оролцож байна.