Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дээрх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, гадаад орны туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, гэмт хэргийг нотлох ажиллагаа сэдвийн хүрээнд прокуроруудыг чадавхжуулах зорилгоор “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг” сэдэвт үргэлжилсэн багц сургалтыг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр 3 дугаар улирлын турш явуулж, сүүлийн хичээлийг өчигдөр зохион байгууллаа.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тухай ойлголт, онолын үндэс, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт”, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Гадаад орны туршлага /мендезийн зарчим/, Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт Э.Мөнхзул “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Батнасан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нотлох ажиллагаа ба прокурорын хяналт”, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Б.Ууганбаатар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал” гэсэн нийт 5 сэдвээр үргэлжилсэн сургалтыг явуулсан бөгөөд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд бүгд хамрагдсан байна.