“Бидний хүсээд байсан төсвийн төслийг та нар одоо л боловсруулж байгаа юм уу” гэж УИХ дахь АН-ын бүлгийнхэн хэлжээ. Энэ бол Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг АН-ын бүлгийнхэнд танилцуулах үеэр болсон яриа. Тэд ямар төсөв хүсээд байсан юм бол. АН-ынхан хэт тэлсэн төсвийг хумих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Ирэх жилийн төсвийн төсөл тэдний байр суурьд нийцсэн хэрэг. АН-ын бүлгийнхнээр зогсохгүй Монголбанкныхан, зарим эдийн засагч, судлаач төсвийн зардлыг хумих хэрэгтэй гэж үзэж ирсэн юм. Тэгэхээр нэхэж ирсэн бодлогод нь нийцсэн төсвийн төслийг УИХ энэ удаа хэлэлцэх нь.
Монгол Улсын төсвийн зардал жил бүр 10-15 хувиар нэмэгддэг. Энэ нь шинээр ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн барилгын зардал, ажиллагсдын цалин хөлс, шинэ хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбоотой байдаг гэж Сангийн сайд хэлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу ирэх онд төсвийг тэлж болзошгүй байсан зардлыг нэг их наяд төгрөгөөр “хасжээ”. Үүний үр дүнд төсвийн урсгал зардлыг энэ жилийнхтэй ижил түвшинд буюу 12.15 их наяд төгрөг байхаар тооцсон аж. Тодруулбал, төсвийн урсгал зардлыг 563.5 тэрбум төгрөгөөр хэмнэсэн гэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардлыг 427.4 тэрбум төгрөгөөр хэмнэжээ. Улмаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтааснаас бусад төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шинэ төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар тогтжээ. Ингэснээр төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэсэн гэж Засгийн газар үзэж байна.
Ирэх оны төсвийн нийт зардлыг 20.2 их наяд төгрөг байхаар тооцсон байв. Өмнөх жишгээр төсвийн тэлсэн бодлого баримталсан бол төсвийн зардал 21 их наяд төгрөг давах нь тодорхой байж. Төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан бол зардал үүнээс ч илүү өсөх байсан нь ойлгомжтой. Барилгын материал, тээвэр ложистикийн зардал 30 хувиар өссөн учраас төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж буй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нэмэх хэрэгтэй гэж тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нь шаардаж байсан. Бүтээн байгуулалт нь эхэлсэн төсөл, арга хэмжээний зардлын тооцоог шалгаж үзээд, нэмж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдсэн гэнэ. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон нэг шалтгаан агаад хөрөнгийн зардлыг нэмэх үндэс болжээ.
Тэгвэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого ирэх онд 18.7 их наяд төгрөгтэй дүйх төсөөлөл хийсэн байв. Төсвийн төсөөллийг оновчтой зохиоход орлогыг нь бодитоор төлөвлөх нь чухал. Алдагдлыг нь багасгах зорилгоор орлогын төсөөллийг нь хэт өөдрөгөөр төсөөлбөл хуурамч төсөв болно. Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн орлогыг харьцангуй бодитоор төсөөлсөн гэж бодож байна. Төсвийн орлогын төсөөллийг хийхэд уул уурхайн бүтээгдэхүүний ханшийг бодитоор тооцох нь чухал байдаг. Бид тодорхой аргачлалын дагуу тооцоолол хийж, бага түвшний үнэ ханшаар тооцсон” гэв. Ингэснээр төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгаа аж. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэнэ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд ирэх оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан. Төсвийн алдагдлыг дээрх хуульд заасан хязгаарлалтаас 0.8 хувиар бага байхаар төсөөлжээ. Өнгөрсөн дөрвөн жилд манай улс нийт 12 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан байдаг. Төсвийн алдагдал нь Засгийн газрын өрийг ихээхэн нэмэгдүүлж буй. Тиймээс олон нийт төсвийн алдагдлыг анхааралтай ажигладаг болсон юм. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал, бага алдагдалтай төсөл боловсруулжээ. Төсвийн зардлыг нэлээд хэмнэсэн учраас алдагдал нь багасах нь тодорхой.
Төсвийн зардалд хүүхдийн мөнгө том байр эзэлдэг. Энэ онд хүүхэд бүрт сард 100 мянган төгрөг олгоход 1.46 их наяд төгрөг зарцуулсан. Тэгвэл ирэх онд 1.39 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь нийт хүүхдийн 91 хувьд сар бүр 100 мянган төгрөг олгох санхүүжилт гэнэ. Сангийн яамнаас өндөр орлоготой өрхүүдийн хүүхдэд мөнгө олгохгүй байх бодлого баримталж буй аж. Тиймээс сард 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдэд мөнгө олгохгүй байх шийдэлд хүрсэн байна. Нийт хүүхдийн есөн хувийнх нь эцэг, эх сард 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой байгаа гэнэ.
2023 онд зайлшгүй нэмэгдэх урсгал зардал 1.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Заримаас нь дурдвал хүүгийн зардалд 271.6, хүний тооны өсөлтөөр нэмэгдэх тэтгэвэрт 231.4, Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамжийн төлөвлөгөөнд 228.3, төрийн албан цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Мөн нийгмийн хангамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардалд 79.9, эрчим хүчний тарифын нэмэгдэлд 68, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээшлүүлэхэд 51.4 тэрбумыг зарцуулахаар болсон байна.
Дээр ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх нэг ч төгрөг тусгаагүйг дурдсан. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бараа материал, тээвэр ложистикийн зардал өссөнтэй холбогдуулан нэмснийг өгүүлсэн. Өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтад ирэх жил нийт 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. Үүнд шилжих буюу өмнө нь эхлүүлсэн төсөл, арга хэмжээний санхүүжилт, хамтран хэрэгжүүлж буй зарим төслийн Монголын талын гаргах зураг төсөв, тоног төхөөрөмжийн зардал, концессын гэрээний төлбөрийг тусгасан байна. Манай улс өмнө нь аж ахуйн нэгжүүдтэй “барих-шилжүүлэх” концессын гэрээ байгуулж, бүтээн байгуулалт хийлгэж байсан. Үүний төлбөрийг өдий хүртэл барагдуулж дуусгаагүй байгаа юм. Ирэх жил концессын төлбөрт 260 гаруй тэрбум төгрөг шилжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Сангийн сайд “Ирэх жил концессын төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах бодлого баримталж байна. Өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн төсөл, арга хэмжээнүүдийн дийлэнхийг 2024 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Манайд төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж буй 2012 оноос эхэлсэн төсөл ч байдаг” гэв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д багтсан Хөшигийн хөндийн дагуул хотын инженерийн дэд бүтцийг бүтээн байгуулахад 68.5, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд автобусны парк шинэчлэл хийхэд зориулж 339, автобусны зогсоол байгуулахад 127 тэрбумыг зарцуулахаар болжээ. Үүнээс өөрөөр шинэ төсөл, арга хэмжээний санхүүжилт төлөвлөөгүй байна.
Төсвийн тухай хуультай уялдуулан хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн татварыг хөнгөлөх санал гаргажээ. Үүнээс гадна үйлдвэржилтийг дэмжих бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг бүрэн чөлөөлөх санал гаргасан аж. Түүнчлэн Улаанбаатарын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд ажилтнуудаа автобусаар тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Эцэст нь, үр ашиггүй зардлаа хумьсан, зарим салбарыг татварын бодлогоор дэмжсэн, алдаагаа эргэж харсан төсөв болжээ гэж дүгнэж болох нь.