Цагдаагийнхан өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохор уг талбайг байнгын хамгаалалтад авчээ. Гэвч тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Г, Ерөө сумын иргэн Н, Бугант тосгоны иргэн О болон Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч А, Ж, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М-тэй үгсэн тохирч, хамгаалалттай газраас алттай гэх шороог автомашинаар тээвэрлүүлсэн хэрэгт нэр холбогджээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас уг талбайд очиж шалгахад дээр дурдсан алба хаагчид үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны наймдугаар сарын 28-ны 07.00-08.00 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл илэрсэн байна. Хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах”арга хэмжээ тооцон цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны есдүгээр сарын 9-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.