Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "2023 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Мэдээж, хуулиараа Монгол Улсынхаа эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой. Инфляцийн хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт байна.
Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого чангарна, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна. Эдийн засгийг тогтворжуулахад инфляци чухал нөлөөлж байна. Үүнд валютын ханш бас нөлөөлж байна. 2023 онд экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд аваачих зорилго тавьж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэг шатаар ахиулна" гэж хэлэв.