Монгол Улсад цар тахалтай холбоотой хөл хориог цуцалж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь энэ оны хоёрдугаар улиралд эдийн засагт гол дэмжлэг үзүүлснийг Дэлхийн банкнаас танилцуулсан “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм”-д дурджээ. Хувийн болон төрийн салбар дахь хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ өсөж, дотоод эрэлтийг дэмжих төлөвтэй аж. Гэвч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнэ нэмэгдсэн зэргээс шалтгаалж энэ онд эдийн засаг 2.4 хувиар тэлнэ гэж таамаглажээ. Тэгвэл Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулахтай холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж, дунджаар зургаан хувьд хүрнэ хэмээн тооцсон байна. Түүнчлэн манай улсын эдийн засгийн төлөв цаашид хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлээс хамаарахаар буйг тэмдэглэв. Тухайлбал, Украин дахь дайн сунжрах, Хятадад цар тахлын нөхцөл байдал даамжрах, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү чангарах зэргээс үүдэн төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих зэрэг эрсдэлийг дурдаж болох аж. Эдгээр эрсдэл нь Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдлыг улам тодотгож байгааг санууллаа. Төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж буй энэ үед тогтвортой байдлыг нь сайжруулахын сацуу бодлогын орон зайг бий болгоход чухал ач холбогдолтой гэв.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй ихэнх орны эдийн засаг энэ онд цар тахлын нөлөөнөөс сэргэж буй бол Хятад улс вирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ үргэлжлүүлж байгаагаас шалтгаалж өсөлтийн эрч нь суларсныг мөн дурдав. Өмнө нь тус бүс нутагт сэргэлтээрээ тэргүүлж байсан Хятад улсын өсөлт 2022 онд 2.8 хувьд хүрэх төлөвтэй нь өнгөрсөн жил эл тоо 8.1 байсантай харьцуулахад огцом буурах үзүүлэлт юм. Бүс нутгийн хувьд өсөлт өмнөх жил 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 болж саарах, 2023 онд 4.6-д хүрч эргэн сэргэх төлөвтэй аж.