Сангийн яамныхан ирэх оны төсвийн төслийг боловсруулж дуусжээ. Уламжлал ёсоор ирэх оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө өргөн барьдаг. Энэ жишгээр ирэх пүрэв гарагт төсвийн төслийг өргөн барихаар тогтжээ. УИХ энэ онд Төрийн хэмнэлтийн тухай хууль баталсан. Уг хуулийг ирэх төсвийн жилд бүрэн хэрэгжүүлэх юм. Хуулийг хэрэгжүүлснээр нэг их наяд төгрөгийн гарч болзошгүй зардлыг хэмнэснийг Сангийн сайд Б.Жавхлан дуулгав. Ингэснээр төсвийн алдагдал 1.7 их наяд төгрөгт хүрч буй аж. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувьтай дүйсэн үзүүлэлт. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээс гадна гурваас бусад шинэ төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар төсвийн төсөлд тусгажээ. Харин материал, түүхий эдийн үнэ өссөнтэй холбогдуулан өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн төсөл, арга хэмжээний зарлагыг 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олж буй. Үүнд нийт 1.5 их наяд төгрөгийн зардал гаргадаг. Тэгвэл ирэх жил өндөр орлоготой өрхийн хүүхдэд мөнгө олгохгүй байх санал гаргажээ. Тодруулбал, нийт хүүхдийн 80 хувьд сар бүр тэтгэмж олгох юм байна. Ингэснээр төсвийн зардал 200 орчим тэрбум төгрөгөөр буурах аж. Түүнчлэн хүн амын орлогын албан татварыг шаталсан хэлбэрээр хураах төсөл боловсруулсан байна. Иргэн 10 сая төгрөг хүртэлх төгрөгийн цалинтай бол хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцож хураах гэнэ. Харин 11 сая төгрөгийн цалин авбал татварыг нь 11, 14 саяыг авбал 14 хувиар тооцох аж. Тэгвэл 15-аас дээш сая төгрөгийн цалинтай бол 15 хувийн татвар хураах нь. 20 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар хураах юм байна. Шаталсан татварт нийт ажиллагсдын 0.1 хувь нь хамрагдах тооцоо гарчээ.
Хувь хүний орлогын албан татвараас гадна автомашиныг үнэ болон насжилтаар нь ангилж, гаалийн албан татварыг нэмэхээр болсон байна. Түүнчлэн утаат болон электрон тамхины онцгой албан татварыг дээшлүүлэх гэнэ. Сангийн яамныхан төсвийн орлого 18.6, зарлага 20.3 их наяд төгрөг байхаар төсөөлж байгаа аж.