Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд халамжаас хөдөлмөрт шилжүүлэх арга хэмжээнүүд төлөвлөсний нэг нь ядуурлын түвшингээс доогуур орлоготой, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг, нэн ядуу 1520 өрхийн амьдралыг өөд нь татаж, эхний ээлжид энэ ангиллаас гаргах явдал аж. Энэ ажлыг гардан хэрэгжүүлэх, удирдах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл эдгээр өрхийг “улны айлууд” хэмээн ялгаварласан нь олон нийтийн дунд нэлээд шүүмжлэл дагууллаа. Нийгмийн сүлжээнээс хальсан бухимдал жагсаал, цуглаан болон өргөжиж, Төрийн ордон болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрны гадаа иргэд эсэргүүцлээ илэрхийлж, сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардсан юм.
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос захирамж гаргаж, түүнийг огцруулахаар шийдвэрлэв. Ингэхдээ Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг үндэслэл болгож, хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг, хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Монгол, Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг сэтгүүлчийн нэр төрд нь халдсан, хүний эрхийн мэдрэмжгүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэн хэмээн албан тушаалаас нь чөлөөлсөнтэй адил арга хэмжээ авлаа. Үндсэн хууль болон өөр бусад хуулийн дагуу Ерөнхий сайд энэ тухайгаа УИХ-ын удирдлага, Ерөнхийлөгчид танилцуулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан уламжилсан юм. Дараагийн сайдыг томилох хүртэл Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хариуцан ажиллах нь.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уржигдар зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан эдгээр өрхийг “улны айлууд” гэж нэрлэдэг юм байна. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг, зорилтот бүлэг хэмээн тодорхойлох болсон юм билээ. Ядуу гэдгээрээ явсан нь зөв байх” гэж хэлснээс энэ бүхэн үүдэлтэй. Мөн дээрх 1500 гаруй өрхийг Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс сонгож, 18-54 насны нэг гишүүнийг нь хоёр сарын хугацаанд үсчнээр сургаж, ажлын байрыг нь олж өгөөд, шаардлагатай багаж, хэрэглэгдэхүүнээр нь хангахаар төлөвлөснөө танилцуулсан нь ч олон нийтэд таалагдаагүй.
Тэрбээр өөрийг нь огцруулах захирамж гаргахаас өмнө мэдээлэл хийж, хүлцэл өчсөн юм. Ингэхдээ сайд Д.Сарангэрэл “Ядуурлын хамгийн доод түвшин буюу англиар bottom гэх үгийг “улны айлууд” хэмээн орчуулдаг талаар манай мэргэжилтнүүд ойлгуулсан. Би тэрийг нь болгоомжгүй хэрэглэж, олон хүнийг гомдоож, бухимдууллаа. Үг сонголтын алдаа хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнээр ялгаварлан гадуурхах санаа байхгүй. Мөн уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга замаа тайлбарлахдаа үсчнээр жишээ авсан. Бүгдийг нь үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжил эрэлт, хэрэгцээтэй байна вэ гэдэг талаар мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж байгаа” хэмээн тайлбар хийсэн юм. Гэхдээ тэрбээр ийм үг хэлснийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээх, эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулт өгөлгүй явчихсан юм даг. Тиймээс Д.Амарбаясгалан сайдын хэлсэнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Сарангэрэл өөрөө гаргасан нь юу л бол. Салбар, салбарт сайдаар томилогдон “эрхэлдэг” эрхэм хатагтайн нэр хүндийг эцсийн мөчид жаахан ч болов аварч үлдэх гэсэн “хачир” шиг л сонсогдов.
Үнэндээ сайд Д.Сарангэрэл “улны айлууд” гэж хэлэхдээ ч, уучлалт гуйхдаа ч хэн нэгнийг юугаар ч ялгаварлан гадуурхахгүй байх соёлт хүн төрөлхтөний алтан зарчмаас ангид байгаа хүн шиг л аашилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Нийгмийн хамгааллын салбарынхны хүрээнд нэлээд олон жил ашигласан гэгдэх “улны айлууд” хэмээх энэ үгийг сайд болоод (Д.Сарангэрэлийг наймдугаар сарын 30-нд томилсон) удалгүй хээв нэг хэрэглэх нь хувь хүний ёс зүйтэй нь илүүтэй холбоотой. Ер нь нийгэмд нэгэнт тогтсон ойлголт, хандлагыг зөв тийш нь чиглүүлж, хэнийг ч үл ялгаварлах зарчмыг ямагт баримтлахад нэр томьёо, нэг үгийг ч болов өөрчилж, хэвшүүлэх нь маш том үр нөлөөтэй байдаг. Гэтэл салбарын сайд нь ядуу иргэдээ “зорилтот хэсэг” гэж тодорхойлохоос татгалзаж, “улны өрхүүд” гээд цоллочихлоо. Д.Сарангэрэл бол сүүлийн гурван удаагийн УИХ-д гишүүнээр сонгогдож, сайдаар гурвантаа томилогдсон, сэтгүүлч мэргэжилтэй, түүгээрээ танигдаж улс төрд хөл тавьсан нэгэн. Төрд өндөр, хариуцлагатай алба хаших тусам үг, үйлдэл нь чамбайрах ёстой атал манай улстөрчид өөрийгөө өндөрт өргөж, иргэдтэй дэргэдээс нь биш, дээрээс харьцдагийн нэг л илрэл нь энэ.
Өнгөрсөнд болоод мартагдсан, өчигдрийн дуулианаар сэргэсэн олон тохиолдол бий. Жишээ нь, Сангийн яамнаас бэлтгэсэн бололтой, нийгмийн сүлжээгээр түгээсэн, нэгэн богино хэмжээний видео сурталчилгаа бас л хүний эрхийн мэдрэмжгүй байгааг олон нийт шүүмжлэв. НӨАТ-ын буцаан олголт бүхий худалдан авалтын баримтаа “И-баримт” аппликэйшнд аль болох олныг бүртгүүлбэл азтанаар тодрох боломжтой гэж уриалахдаа ТҮК-ийн ажилчинд хонжвор таарснаар хувийн машинтай болж буйгаар дүрсэлсэн нь иргэдийн эгдүүцлийг төрүүлэх нь тэр. Тухайлбал, өөр хүний хийсэн худалдан авалтын баримтыг тус системд бүртгүүлэх нь зохисгүй, үндсэндээ нэмэгдсэн өртгийн албан татварын зорилго, зарчмын эсрэг үйлдэл юм. Харин Сангийн яамныхан үүнийг байх л ёстой, хэвийн зүйл мэтээр үзүүлэв. Ингээд зогсохгүй баримтаа бүртгүүлж байгаа нэгнийг “өлөн” гэж нэрлэсэн нь тус аппликэйшний нийт хэрэглэгчийг доромжилсон хэрэг. Өөрөөр хэлбэл, баримтаа бүртгүүлж, буцаан олголт авдаг хүмүүс “өлөн” болж таарах нь. Ядуу хүн л хог цэвэрлэдэг, ТҮК-ийн ажилчин сайхан амьдрах боломжгүй, “улны хүн” ангилалд багтах мэт ойлгогдох ядмаг агуулгыг хүлээн зөвшөөрч, бичлэг болгон цацах хүртэл нь хянасан төрийн албаныхны хандлага сайд Д.Сарангэрэлийнхээс ялгарах зүйл алга. Мөн Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд төрийн албан хаагчдыг “зарц нар” хэмээн загнаж байгаа бичлэг олны анхааралд өртсөн юм. ИТХ нь өнгөрсөн жил 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр орлого нэмэгдүүлэх санал танилцуулсан Аудитын газрын даргадаа уурсан, “Чи зарц нараараа ажлыг нь хийлгэ, би чамаас олон зарцтай” хэмээн цамнаж байх аж. Д.Сарангэрэл сайдаараа сор залсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан ч ялгаварлалд хэдийн дасчихаж. Ямар ч гэсэн сайд Д.Амарбаясгалан тус яамны ажлыг хариуцах хугацаандаа энэ талаар нарийвчлан судалж, шалгаад, шаардлагатай бол хариуцлага тооцохоо мэдэгдэнэ лээ.
Энэ мэтчилэн төр, засгийн бүх түвшинд дарга, цэрэг, дээр, доор гэж ялгаварлаж ханддаг, ямбархдаг, хүний эрхийн наад захын ойлголт, мэдрэмжгүй албан тушаалтнууд ажиллаж байна. Хаа сайгүй буй, нийгмээ, ард иргэдээ ялгаварлан гадуурхах хандлага нь тэдний үйл хөдлөл, үг яриа, ажлынх нь үр дүнгээр нь илэрч байгаа хэрэг. Ямартай ч улс төрийн хариуцлагатай албан тушаалтны амнаас гарамгүй үг урсгаж, алдаа гаргасан сайдад арга хэмжээ авч, огцруулсан нь сайн хэрэг. Толгойг нь илээд, жишим ч үгүй өнгөрөөдөг манайхны хувьд шинэ бөгөөд зөв жишиг. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо болон өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ахалж буй Хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний хороо энэ чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, засаж, залруулан ажиллах шаардлага тулгарч байна. Д.Сарангэрэлийг сайдаас огцруулах төдийхнөөр бүү орхигдож, мартагдаасай.